ХҮНИЙ ШОДОЙНООС БИЧИЛ ХУВАНЦАР АНХ УДАА ИЛЭРЧЭЭ

GNNGNN
Jun 20, 2024  
 0
ХҮНИЙ ШОДОЙНООС БИЧИЛ ХУВАНЦАР АНХ УДАА ИЛЭРЧЭЭ

Сүүлийн үед микропластик нэртэй бичил хэмжээ бүхий пластикийн хэлтэрхий хүний биеийн эд эрхтнүүдээс анх удаа илэрлээ гэх мэдээлэл их явах болсон. Үүнтэй зэрэгцэн эрдэмтэд микропластикийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнд санаа зовж эхэлсэн юм.

Тэгвэл судлаачид микропластикийг хүний шодойноос анх удаа илрүүлсэн байна. “IJIR: Your Sexual Medicine” сайт дээр лхагва гарагт /2024.06.19/ нийтлэгдсэн судалгаа таван эрэгтэйгээс авсан дээжээс дөрөвт нь долоон өөр төрлийн микропластик илэрчээ.

Микропластик гэж таван миллиметрээс нэг микрометр (метрийг сая хуваасны нэгтэй тэнцэх урт) хэмжээтэй пластикийг хэлдэг. Эдгээр нь том хэмжээтэй пластик физик эсвэл химийн үйлчлэлээр жижиг хэсэгт хуваагдахад үүсдэг юм.

Нэг микрометрээс жижиг хуваагдвал нанопластик болж метрийг тэрбумд хуваасны нэгтэй тэнцэх нэгжээр хэмжих шаардлагатай болно.

Судалгааг ахлаж бичсэн нөхөн үржихүйн урологийн мэргэжилтэн Ранжит Рамасами шодой нь цусны судсаар баялаг эрхтэн тул микропластик илэрсэнд гайхахгүй байна гэжээ.

Гэхдээ микропластик байгаа нь батлагдсан тул бэлгийн сулрал гэх мэт эмгэгтэй холбоотой эсэхийг илрүүлэх судалгааг цаашид явуулах хэрэгтэй гэдгийг Ранжит онцолсон юм.