ХУУЛЬЧ О.БАТХҮҮ: МОНГОЛЫН ТОП КОМПАНИУД ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭЖ БАЙНА

Манай томчууд өнгөрсөн 30 жил улстөрчдийг санхүүжүүлж, лоббидож, хүссэн шийдвэрээ гаргуулж ирсэн. Бизнес нь жам ёсны гэхээс тохиролцоо, хувилдааны замаар явж ирсэн нь нууц биш.
Гадны компаниуд нийтийн сайн сайханд хөрөнгө зардаг. Түүн дотроо боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт асар их хандив өгдөг. Үүнийг тэд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, үүрэх ёстой ачаа гэж хүлээж авдаг.
Нийгэм бол хүмүүсийн нэгдэл. Бүгд биш юм гэхэд дийлэнх нь ажил хөдөлмөр эрхэлдэг, татвар төлдөг, тархи угаалтанд автаж ийш тийш савлахгүй дундаж давхрага бүтээж байж улс орон хөгждөг.
Дундаж давхрагыг бүрдүүлж байгаа хүмүүс эргээд нөгөө компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь авч, барьсан байшинд нь ордог. Гэтэл манай баячууд олонхоо хаяж цөөнхийг түшсэн. Одоо эргээд нөгөөдүүлдээ бариулж байна.
Боловсролд хөрөнгө оруул гэхээр хувийн сургууль байгуулж хүмүүсийн мөнгийг саадаг байж болохгүй. Ангидаа багтахгүй чихцэлдэж байгаа хүүхдүүдэд сургууль барьж өг, хандивла, бэлэглэ гэж байгаа юм.
Чөлөөт хэвлэлийг дэмжих сан байгуулж эрэн сурвалжлах сэтгүүлч, чөлөөт дуу хоолойд амьдрах боломж олго гэсэн үг. Эрүүл ухаантай соён гэгээрүүлэгч, нөлөөлөгч нараа дэмж гэж байгаа юм.
Улс орон хамтдаа хөгжиж, бөөндөө урагшладаг болохоос олсон зөөснөө хав дарж хэвтээд, хэдэн дарга нарыг угжаад явахгүй гэдгийг хүний түүх өөрөө хангалттай харуулж өгсөн бус уу?