ХОТЫН ДАРГА "СУРУГА МОНГОЛ"-ЫН ХЭРЭГТ Д.ГАНТУЛГЫГ ОРОЛЦООТОЙ ГЭВ

GNNGNN
Feb 23, 2024  
 0
ХОТЫН ДАРГА "СУРУГА МОНГОЛ"-ЫН ХЭРЭГТ Д.ГАНТУЛГЫГ ОРОЛЦООТОЙ ГЭВ

Өнөөдөр /2024.02.23/ НИТХ-ын ээлжит бус 17 дугаар хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Гантулга Дүнжингарав захын баруун урд уулзварт энэ сарын 23-24-нд шилжих шөнө болсон осолд, эмгэнэл илэрхийлсэнгүй гэж Хотын даргыг зэмлэв.

Тэрбээр, "Аймшигтай осол боллоо. Тухайн үед ажлаар гадаадад явж байсан. Ойлгож байна. Гол нь эмгэнэл илэрхийлдэг соёл хэрэгтэй байна" хэмээлээ.

Хотын дарга Х.Нямбаатар түүний хариуд "НЗДТГ-аас энэ асуудалтай холбоотойгоор эмгэнэл илэрхийлсэн. Хоёрдугаарт хор хохирлыг бууруулах хөрөнгийг нийслэлээс гаргаад ажиллаж байгаа. Бид орон байрыг нь засварлахаар дүгнэлт хүлээж байна.

Д.Гантулга төлөөлөгч олон удаа улстөржсөн үйлдлүүд гаргаж байгаад нь би хариу үйлдэл үзүүлээгүй. Нэг зүйлийг танд сануулж хэлье. Таныг "Суруга Монгол"-д ажиллаж байхад "Суруга Монгол"-ын өвгөнийг Гансүх та нарын бүлэглэл зочид буудалд нь оруулж, бүх газрыг нь булааж авсан. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хойш гадаадын тэр дундаа Япон Улсын хөрөнгө оруулагчид хамгийн аймшигтай улсаар тооцож, энэ асуудал парламентын түвшинд яригдаж байгаа шүү. Айлчлалын үеэр парламентын түвшинд "танай улс албан ёсоор тайлбар хий" гэсэн. Далан хэдэн настай өвгөний өрөөнд нь хар тамхи тавьж, араас нь цагдаа оруулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Одоогийн "Суруга Монгол" орчмын газрыг булааж авахад та тухайн компанид ажиллаж байсан гэдэг бодитой мэдээлэл байгаа. Түүний ар гэрээс уучлал гуйх ёстой хүн шүү. Өнөөдөр ингээд нэг их ариун цагаан хүн" гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Гантулга "Засаг дарга та Хуул зүйн сайд байсан хүн. Ингэж гүтгэж болохгүй. Компанид ажиллаж байхдаа юун хүнтэй нийлээд гэж. Одоо бодоход эзэн нь тодорхой болж байгаа юм байна л даа. Японы хөрөнгө оруулагчид, "Суруга Монгол"-ын газартай холбоотой, оролцоотой бол буруугаа 100 хувь хүлээнэ. Эмгэнэл илэрхийлэх соёл, улстөрийн зориг алга танд" гэлээ.