ХОРИХ АНГИАС ОРГОСОН ЭТГЭЭДИЙГ 30 ЖИЛИЙН ДАРАА БАРИВЧЛАВ
Цагдаагийн байгууллагаас хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн оргодлыг 30 жилийн дараа илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, 1989 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан сумын нутагт хүчирхийлэх гэмт хэрэгт үйлдсэн этгээдэд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил 5 сар хорих ял оноожээ. Улмаар ШШГЕГ-ын харьяа 423 дугаар хорих ангид ял эдэлж байхдаа 1993 онд оргосон байна. Түүнийг саяхан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Хорих ангиас оргосон Т нь 2003 онд улсын бүртгэлийн ерөнхий газарт хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч өвөөгийнхөө нэрээр овоглон өгч регистерийн дугаар шинээр авсан байсныг тогтоожээ. Мөн тэрбээр оргосон байх хугацаандаа 2005 онд Орхон аймгийн нутаг дэвсгэрт хүчирхийлэх гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгэгдэн 1 жил 1 сарын хорих ял эдлэн өвчний учир ялаас чөлөөлөгдсөн байжээ. Түүнийг ял завшсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн зэрэг хэрэгт холбогдуулн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.