Х.НЯМБААТАР: МЕТРОГ ЗААВАЛ БАРИНА, НАМАЙГ МОХООНО ГЭВЭЛ БҮТЭХГҮЙ

GNNGNN
Feb 28, 2024  
 0
Х.НЯМБААТАР: МЕТРОГ ЗААВАЛ БАРИНА, НАМАЙГ МОХООНО ГЭВЭЛ БҮТЭХГҮЙ

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр /2024.02.26/ фэйсбүүк хуудсаараа дамжуулан лайв хийх үедээ Нийслэлийн метро барих төслийг шүүмжилж, 1.5 тэрбум доллароор метро барих гэж байгаа бол иргэдээс санал асуух ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Харин үүний хариуд Хотын дарга Х.Нямбаатар ямар ч асуудалтай тулгарсан метрогоо барина гэдэг байр суурь дээрээ бат зогсохоо илэрхийлж, олон улсын нээлттэй тендерийг энэ сарын 29-ний өдөр зарлана гэдгээ мэдэгдэв.

Тэрбээр,

"Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд метро эсэргүүцэж байна. Энэ Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна дотны захиалгаар над руу дайрч давшилж байна.

Энэ хавар энэнээс ч илүү юм үзэх юм шиг байна. Энэ мэт нь намайг мохооно гэвэл бүтэхгүй гэдгийг хэлье. Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.

"Jica" -гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеээ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан. Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжыг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө. Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29-нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана" гэв.