ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 9.6 ХУВИАР ӨСЛӨӨ

GNNGNN
Feb 13, 2025  
 0
ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 9.6 ХУВИАР ӨСЛӨӨ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.

2025 оны нэгдүгээр сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 8.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 23.3 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 11.1 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 10.5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

2025 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 9.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.7 хувиар, барааны бүлгийн үнэ 7.5 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувиар өсжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны нэгдүгээр сард 7.6 хувь байсан бол 2025 оны нэгдүгээр сард 9.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.0 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар (30.6%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.1 нэгж хувиар (53.2%) тус тус нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь гарсны 2.7 (28.0%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 9.2 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.4 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 15.5 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.