"ХАЙЛААСТЫН ЗАМД 7 ХҮН МӨРГӨСӨН ЖОЛООЧ ХААЗ, ТОРМОСАА АНДУУРСАН ЭСЭХИЙГ ТОГТООНО"

GNNGNN
Apr 18, 2024  
 0
"ХАЙЛААСТЫН ЗАМД 7 ХҮН МӨРГӨСӨН ЖОЛООЧ ХААЗ, ТОРМОСАА АНДУУРСАН ЭСЭХИЙГ ТОГТООНО"

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд өчигдөр /2024.04.17/ 19:00 цагийн орчимд зургаан хүүхэд, нэг том хүн мөргөсөн зам тээврийн осол гарч, нэг хүүхэд амь насаа алдсан.

Уг осолтой холбоотойгоор ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг дараах мэдээллийг өглөө.

Мэдээллээс онцлоход "Цагдаагийн байгууллагаас ноцтой ослын газар дээр нь шуурхай ажиллаж, одоо мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байна. Осол гаргасан жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин ХААЗ, ТОРМОС АНДУУРСАН ЭСЭХ, ХУРД ХЭТРҮҮЛСЭН эсэхийг хуулийн хугацаанд тогтооно.

Гэмтсэн иргэдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй" гэлээ.

Цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон 149 тохиолдол байна. Осол гарч байгаа шалтгаан нөхцөлийг харахад жолоочийн хариуцлагын байдал осол гарахад хамгийн их нөлөөлж байгааг онцлов.