ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ АВТОМАШИНД ДАЙРУУЛЖ АМИА АЛДСАНЫ ХАРИУЦЛАГЫГ ХЭН ХҮЛЭЭХ ВЭ

GNNGNN
Jun 3, 2024  
 0
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ АВТОМАШИНД ДАЙРУУЛЖ АМИА АЛДСАНЫ ХАРИУЦЛАГЫГ ХЭН ХҮЛЭЭХ ВЭ

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.М өнгөрсөн сарын 30-ны 21.00 цагийн үед автомашинд дайруулж амиа алджээ. Тэрбээр Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чандманьбаян бүрд” ХХК-ийн талбайд ажиллахаар очоод байхдаа ийнхүү осолд өртсөн аж.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр уруу газар зогсоож байгаад инерцээр нь явуулж асаадаг хүнд даацын машинд дайруулсан гэнэ.

Осол гаргасан жолооч эл үйл явдал болсон даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бөгөөд өдгөө Төв аймгийн Цагдаагийн газрынхан үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Уг нь хугацаат цэргийн алба хаагчийг цэргийн ангийн байрлалаас гадуур аливаа ажилд явуулахдаа дээд удирдлага, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас зөвшөөрөл авахаар хуульчилсан байдаг. Харин Дотоодын цэргийн штабын удирдлага ийм зөвшөөрөл дээд удирдлагаасаа авсан, эсэх нь тодорхойгүй. Хэрэв удирдлагын зөвшөөрөлгүйгээр “Чандманьбаян бүрд” ХХК-ийн захиралтай гэрээ байгуулж хугацаат цэргийн алба хаагчийг ажиллуулаад, амийг нь эрсдүүлэх нөхцөл байдалд хүргэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр та Дотоодын цэргийн штабын удирдлагад хариуцлага тооцох ёстой санагдана.