ХАМТРАН АМЬДРАГЧАА ОЛОН УДАА ХУТГАЛЖ, ЗУГТСАН ЭТГЭЭДИЙГ АЛТАНБУЛАГ БООМТООС СААТУУЛЖЭЭ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32,476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 374 хэргийг хүргүүлсэн байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь нэг орон сууцын орцонд хутгалуулсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгахад 49 настай Н гэх эмэгтэй нуруу, гар, хүзүү зэрэг газраа олон удаа хутгалуулж, шархадсан байсан аж.
Хэргийг үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд авч, эрлийг зохион байгуулснаар сэжигтэн эрийг Алтанбулаг боомтод очсон байхад нь саатуулжээ. Уг хэргийг Дархан-Уул аймагт оршин суудаг, өмнө нь ял шийтгүүлж байсан М гэгч үйлдсэн байжээ.