ХӨВСГӨЛ, СЭЛЭНГЭ, ТӨВ АЙМАГТ ГАРСАН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР УНТРААГҮЙ БАЙНА

Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймагт гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна. Тухайлбал,
Сэлэнгэ аймаг, Мандал сум 1 дүгээр багийн “Гахайтын голын эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 40 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчид, Мандал сумын байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.22-ны өдрийн 12:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймаг, Эрдэнэ сумын Баянтуул багийн “Тэргийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 212 км, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км, Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/с “www.firms.modaps.eosdis.nasa.gov” болон “www.icc.mn” сайтад түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид, Үндэсний аврах бригад, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын нийт 63 хүн, 2 автомашин, 4 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа Э.Мөнхбаатараар ахлуулсан алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нийт 40 хүн, 9 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дэлгэрхаан багийн “Шаамар 3” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 17 км орчим, сумын төвөөс зүүн зүгт 10 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын ГХУХ-ын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан 36 дугаар анги, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Шаамар сумын Мэргэжлийн анги, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нийт 78 хүн, 12 автомашин, 1 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Цагааннуур сум 2 дугаар багийн “Урд Агяа тайга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 337 км, сумын төвөөс баруун хойд зүгт 57 км/ “Firms.modaps.eosdis.nasa.gov” сайтад түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан Мэргэжлийн ангийнхан, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна хэмээн ОБЕГ-с мэдээллээ.