ХҮЧТЭЙ БОРООНЫ УЛМААС ХЯТАДАД ХУРДНЫ ЗАМ НУРЖ, 24 ХҮН АМИА АЛДАВ
Өчигдөр Хятадын өмнөд эргийн Гуандун мужид хэдэн өдөр дараалан ширүүн бороо орсны улмаас уулын хурдны замын хэсэг нурсан байна.
Энэ үеэр замаар зорчиж байсан автомашинууд осолдож, 24 хүний амь үрэгдэж, гэмтэж бэртсэн 30 хүнийг эмнэлэгт хүргэжээ.
Уулын бэлээр үргэлжилдэг Мэйлон хурдны замын 18 метр орчим урт хэсэг нурахад нийтдээ 20 автомашин нуралтаас үүссэн ангалд унасан байна. Орон нутгийн эрх баригчид ослын газарт 500 орчим аврагчдыг илгээжээ.
Хятадын хамгийн олон хүн амтай муж Гуандунд өнгөрсөн долоо хоногт гэнэтийн их устай үер бууснаас дөрвөн хүн амиа алдаж, 110,000 орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн юм. Уг гамшгийн учруулсан эдийн засгийн хохирлын хэмжээг эрх баригчид 140.6 сая юань ($19.4 сая) гэх тооцоолж байна.
Хүчтэй хар салхи өнгөрсөн амралтын өдрүүдэд мужийн төв Гуанжоу хотын аж үйлдвэрийн дүүргийг дайрах үеэр таван хүн амиа алдаж, 33 хүн бэртэж гэмтжээ. Энэ үеэр тус хотод гольфын бөмбөгийн хэмжээтэй мөндөр орсон байна.