ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР 27 ЖИЛИЙН ДАРАА ЭРГЭН ИРЛЭЭ
1951 онд байгуулагдаж байсан Хүүхдийн төв театрыг 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон үйл ажиллагааг нь өргөжүүлж байсан. Харин 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байдаг. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болоод байсан юм.
ТЭГВЭЛ 27 ЖИЛИЙН ДАРАА ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР ДАХИН ҮҮД ХААЛГАА НЭЭЖ, ҮЗЭГЧДЭД ШИНЭХЭН УРАН БҮТЭЭЛЭЭ ТОЛИЛУУЛАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ. ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ ТУС ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖИЛ БҮРЭН ДУУСАЖ 4-Р САРЫН 25-НД НЭЭЛТЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ.
Хүүхэд залуучуудын гэх тодотголтой энэхүү театр нь Нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн бүс буюу Сонгинохайрхан дүүрэгт баригдснаараа онцлог байна. Ингэснээр зөвхөн тухайн бүсийн хүүхэд залуучуудад соёл урлагийн үйлчилгээ хүргэхээс гадна нийт залууст театрын урлагийн эерэг нөлөөллийг бий болгох боломжтой байна.
760 хүний суудалтай, орчин үеийн техник технологи бүхий тохижилттой Хүүхэд залуучуудын театр нь Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармагийн Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээхээр болжээ.