ИХ НАЯДЫГ“ИДСЭН” ДУУСДАГГҮЙ ЗАМ

GNNGNN
Sep 26, 2024  
 0
ИХ НАЯДЫГ“ИДСЭН” ДУУСДАГГҮЙ ЗАМ

Зарцуулсан хугацаа, хөрөнгөөрөө Гиннесийн амжилт тогтоох хэмжээнд хүрсэн Улаанбаатар-Дархан-Уулын замын ажил одоо болтол дуусаагүй нь хачирхалтай. “Үйлийн үртэй” уг замыг шинэчлэх шийдвэрийг анх 2017 онд Засгийн газар гаргаснаас хойш барих ажил нь найм дахь жилдээ үргэлжилж байгаа юм. Энэ хугацаанд гурван парламент солигдож, зам, тээврийн салбар долоон сайдын нүүр үзлээ. Тэднээс гурван сайд нь Дархан-Уулын замыг “хар толгойгоороо” хариуцан, нэн даруй шинэчилж дуусгахаа амласан ч хэлсэндээ хүрсэнгүй. МАН-ынхан дийлэнх олонхоороо засагласан найман жилийн гол бүтээн байгуулалтын “нүүр царай”, ер нь тэд хийхээсээ илүү пиардаж, иргэдийн тархийг угаахаас өөр юуг ч бүтээж чадахгүйг илэрхийлэх тод томруун үзүүлэлт болсон энэ замын ажил яг хэзээ дуусах юм бол оо.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 700 ТЭРБУМЫГ ДАВЖЭЭ

Дархан-Уулын замын ажлыг дуусгахад дахиад 131.5 тэрбум төгрөг нэмж зориулна гэх мэдээлэл энэ оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлэх үеэр олон нийтийн сүлжээнд тархсан юм. Аргаа барсан иргэд “Дарханы замыг алтаар бүрээд байгаа юм уу” гэж халаглахад хүрсэн билээ. Үүнтэй холбоотойгоор “Замын ажил 90 гаруй хувьтай байгаа” гэх мэдээллийг албаныхан өгч байв. Тэгвэл нэмэлт төсвөөр юу хийх юм бол. Тэр мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг нь татвар төлдөг, улсын төсвийг бүрдүүлдэг иргэн, ажил олгогчдын анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг.

Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтнаас үүний талаар тодруулахад “Дарханы замыг барихад улсын төсвөөс огт хөрөнгө гаргаагүй. Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан” гэв. Бараг л татвар төлөгчдөд хамааралгүй гэх агуулга уг албан тушаалтны мэдээллээс “уншигдаж” буй юм. Харин замын ажил яг хэзээ дуусах, юу хийх дутуу байгааг лавлахад тэрбээр хариулахыг хүссэнгүй.

ТӨСВӨӨ ХЭЗЭЭ ТАЙЛАГНАХ ВЭ

“Нэг км замыг ойролцоогоор тэрбум төгрөгөөр тавьдаг” гэх баримжаа байдаг. Материал, тээвэр, ажиллах хүчний зардал зэргээс хамаараад дээрх дүн бага зэрэг хэлбэлздэг аж. Харин Дархан-Уулын замын тухайд дээрх дүн одоогоор гурав дахин өсөөд байна. Уг замыг шинэчлэхийн тулд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөн дүн 157 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 630 тэрбум төгрөг.

Үүн дээр Монголын талаас ч тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан гэнэ. Ингээд тооцохоор өнгөрсөн хугацаанд 700 тэрбум төгрөгөөс илүүг зарцуулсан гэх албан бус мэдээлэл байна. Нийт дүнгээр нь харвал Дархан-Уулын замд зориулсан төсөв их наяд төгрөг рүү дөхөөд л байгаа хэрэг. Эл зам 202.4 км урттай. Тэгэхээр нэг км зам барих өртөг нь гурван тэрбум төгрөгөөс давсан гэсэн үг. Ингээд зогсохгүй, энэ жил төсөв нэмж зарцуулна гэвэл нэг км замын өртөг дөрвөн тэрбумаас даваад явчихна.

Харамсалтай нь, найман жилийн хугацаанд замын ажилд зориулсан төсвийн задаргааг нь холбогдох албаныхан ер тайлагнаж байсангүй. Дээр дурдсан Зам, тээврийн яамны ажилтан шиг “Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан” гэж олны амыг тагласаар өдий хүрсэн юм. Тиймээс замын төсөвт аудит оруулж, зарцуулалтыг нь олон нийтэд тайлагнах ёстойг иргэд хэдийн шаардаж эхэлжээ. Учир нь дээрх хоёр банк Дархан-Уулын замыг шинэчлэх мөнгийг манай улсад зүгээр өгөөгүй, энэ бол хөнгөлөлттэй зээл. Тиймээс зам барихад зарцуулсан мөнгө хэзээ нэгэн цагт татвар төлөгчдийн нуруун дээр дарамт, ачаа болж ирэхийг мартаж болохгүй. Одоо арьсаа хамгаалж, иргэдийн тархийг угааж буй дарга нар тэр үед сураг ч үгүй алга болно.

ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖААР ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮДИЙГ НУУЦАЛСААР БАЙНА

Нөгөөтээгүүр, ганц энэ зам бус, ер нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг нууцалдаг жишиг манайд хэдийн тогтчихоод байгааг парламентын гишүүд нь хүртэл шүүмжлэх болов. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ө.Шижир улсын хэмжээнд энэ оны байдлаар гадаадын зээлээр нийт 1.2 их наяд төгрөгийн төсөвтэй 112 төсөл хэрэгжүүлж байгааг дурдаад, тэдгээрийн зарцуулалтыг ил тод болгох шаардлагыг чуулганы хуралдааны үеэр тавьсан юм.

Түүнчлэн “Гадаадын зээл, тусламжийн төслүүдийг өнгөрсөн хугацаанд үргэлж Сангийн сайдын тойрогт л хэрэгжүүлдэг байсан. Ийм байдал одоо ч хэвээрээ байгаа. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлсэн төслүүдийг УИХ-аар нарийвчлан хэлэлцүүлдэггүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтад багтаадаггүй. Төсвийн зарцуулалтыг нь УИХ-д ерөөсөө танилцуулдаггүй. Жишээ нь, 2024 оны төсөвт “Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүд” гээд ганцхан тоо биччихсэн байна. Үүнд ямар төслүүд багтаж байна вэ. Цаашид гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийг парламентаараа хэлэлцдэг болох шаардлагатай. Гишүүд нам харгалзахгүйгээр энэ уриалгыг дэмжихийг хүсэж байна” гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлэх үед онцолсон юм.

Үнэхээр энэ оны төсөвт “Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалт (улсын хэмжээнд)” гэсэн ганцхан мөр оруулжээ. Төслүүдийн 2024 оны төсөвт өртгийг 562.8 тэрбум гэж тусгасан байгаа юм. Харин санхүүжүүлэх дүнг нь 250.4 тэрбум гэж бичсэн байна. Энэ тооны цаана Дархан-Уулын замын нэмэлт төсөв 131.5 тэрбумыг “нуусан” бололтой гэж хардахад хүрэв. Учир нь яг ямар төслүүдэд 562.8 тэрбум төгрөг зарцуулах талаар огт дурдаагүй, нэг бүхэл тоо болгон оруулжээ.

ЧАНАР, МӨНГӨ ХОЁР НЬ ӨДӨР, ШӨНӨ ШИГ ЯЛГААТАЙ

Дархан-Уулын замд ийм маягаар тэрбум тэрбум төгрөг “цацсан” атал чанар нь түүнээсээ өдөр, шөнө шиг ялгаатай байна. Дөнгөж тавьж дууссан зам нь өнгөрсөн дөрөвдүгээр сард шар усны үерт автаж, зарим хэсэг нь цөмөрсөн. Мөн зун бороо орох бүрд усанд автаж, энд тэндээ аль хэдийн энхэл донхолтой болчихлоо. Засаж шинэчлэх ажил нь дуусаа ч үгүй байхад л эвдрээд эхэлчихсэн нь өчнөөн тэрбум төгрөгийн “үнэ цэн” бодит байдалд “буугаагүй”-н нотолгоо болно.

Үүнээс гадна тооцоо, судалгаагүйгээр уг замыг тавьсан нь ашиглалтын явцад ажиглагдаж эхэлжээ. Дархан-Уулын замыг дэлхийд байхгүй “гайхамшигтай” жишгээр төлөвлөн барьсан гэнэ. Учир нь эл замаар зорчигчдыг 10 км тутамд аюулгүйн тойрог, хурд сааруулагч “саатуулдаг” юм байна. Ийм тойрог тус замд нийт 24 байдаг бөгөөд гэнэт “гарч ирж” жолооч нарыг сандаргадаг аж. Ямар сайндаа л жолооч нар “Улаанбаатар-Дархан-Уулын замын аюулгүйн тойргууд хэтэрхий ойрхон, богино байна. Үнэн хэрэгтээ аюулгүйн бус, аюултай тойрог болчхож. Одоохондоо осол гэмтэл гарах нь цөөн байж магадгүй юм. Харин өвөл халтиргаа гулгаа эхлэхээр хэрхэхийг таашгүй” гэх болжээ. Ялангуяа их ачаатай том тэрэгнүүд, туршлага багатай жолооч нар тун хянамгай явахгүй бол амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэйг анхааруулсан нэгэн ч байна. Хот хоорондын замд ийм олон “саад” тавьдаг улс хаана ч байхгүйг тус салбарын инженерүүд ч хэлж буйюм. Үүнийг батлах гэсэн мэт өнгөрсөн долоо хоногт Дархан-Уулын замын нэгэн тойрогт том оврын машин унаж осолдсон билээ.

Дээрх замыг шинэчлэх гэж “дунших” зуурт ослын улмаас 300 гаруй хүн зуурдаар эндсэн гэх харамсалтай тоо байдаг. Үүнээс ч олон хүн эрүүл мэндээрээ хохирсон байх. Тиймээс “зам биш, там” гэх тодорхойлолт ч гарсан удаатай. Өчнөөн олон хүний амийг авсан, бас багагүй мөнгө “залгисан” эл замын ажлыг эрх баригчид ийнхүү гацаасаар байгаа нь ямар учиртай вэ. Энэ зам тэдний мөнгө “идэж”, орлого олох хэрэгсэл болчихсон учраас бүрэн дуусгах сонирхолгүй байдаг юм биш биз дээ.

Өнөөдөр сонин