ИХ НАЯД, УРАН ГАН ЗЭРЭГ КОМПАНИЙНХНЫГ БИДЭНТЭЙ ХАМТАРЧ, ГОЛЫН ЛАГ ЗӨӨХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Үргэлжилсэн борооны улмаас Сэлбэ голын үерийн түвшин нэмэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Хоёр хоног үргэлжлэн орж байгаа борооны улмаас Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдээд, үерийн хамгаалалтын далангаа давахуйц эрсдэл үүсээд байна. Энэ эрсдэлийг үүсгэж байгаа гол шалтгаан нь замбараагүй барилгажилт. Даланг бэхжүүлэх, лагыг зөөх ажил өчигдөр эхэлсэн.
Энэ цаг үетэй давхцаж бороо орлоо. Одоо голын лагыг цэвэрлэх ажлыг өнөөдрөөс аж ахуйн нэгжтэй тохирч эхлүүлэхээр төлөвлөж байна. Их наяд худалдааны төвийн хажуугийн орон сууцыг барьсан аж ахуйн нэгжийн удирдлагыг дуудсан. Машины зогсоол дээр талбай хэтрүүлж барьсан. Тиймээс энэ аж ахуйн нэгжид лагыг цэвэрлэх ажлыг даалгана.
Мөн Их наяд худалдааны төвийн эзнийг олж уулзана. Түүнээс цаана гүүр байгаа. Гүүрнээс цааш Aqua garden түүний цаана Уран ган, АПУ. Эдгээр аж ахуйн нэгжтэй хамтарч, голын лагыг цэвэрлэнэ. Эдгээр аж ахуйн нэгжээс шалтгаалж голын усны түвшин нэмэгдэж байна. Тиймээс Эко, Их наяд, Уран ган зэрэг компанийн удирдлагууд гол дээрээ гарч ир. Гол үерлэж байгаа ажил дээр хамтарч, лагыг зөөхийг уриалж байна" гэв.