Г.БАТБАЯР АГСНЫ ОХИН Б.АРИУНЗАЯАГИЙН КОФЕ ШОПТ БОЛСОН ХЭРЭГ ХААГДАЖ, ӨӨР ХЭРГЭЭР БАРИВЧЛАХ САНАЛЫГ ПРОКУРОРЫН ГАЗРААС ИРҮҮЛЖЭЭ
Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж улмаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнгөрсөн долоо хоногт буюу Баасан гараг /2024.04.26/-т "Богд хаан" амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байдаг. Эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Тэгвэл талийгаач Г.Батбаярын төрсөн охин Б.Ариунзаяаг баривчлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлж, энэ үеэр нь аавынх нь ажил явдал таарсан тул хойшлуулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний 2022 оны гуравдугаар сард Шангриллад байрлалтай Tomn&Toms кофе шопт 18 настай эмэгтэйн толгой дээрээс халуун кофе асгасан хэргээр шалгаж, шийтгэл оногдуулж хэрэг нь хаагдсан байна.
Б.АРИУНЗАЯАГ ҮҮНЭЭС ӨӨР ХЭРГЭЭР БАРИВЧЛАХ САНАЛЫГ ПРОКУРОРЫН ГАЗРААС ИРҮҮЛЖЭЭ.
Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад, “Бидэнд прокурорын газраас дөрөвдүгээр сарын 18-нд бичигдсэн албан тоот өнгөрсөн сарын 30-ны өдөр ирсэн. Тус албан бичгийн дагуу Б.Ариунзаяаг саатуулан, баривчлахад ар гэрт нь тохиосон ажил явдалтай зэрэгцсэн учир түр хугацаанд хойшлуулах саналыг прокуророос гаргасан. Одоогийн байдлаар Б.Ариунзаяад хилийн хориг тавьсан. Кофе шопт болон пабад үйлдсэн хэрэг хаагдсан. Шинэ хэргээр шалгагдаж байна гэсэн үг. Хэрэг мөрдөн байцаах шатанд байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Тэрбээр кофе шопт болсон тус хэргийн холбогдох шүүх хурал 2022 онд болж, хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хилийн хориг тавигдаж байв. Мөн энэ оны гуравдугаар сарын 27-нд шүүхийн байгууллагаас эрүүгийн хуулийн 17.8.1 болон 16.1-т зааснаар нэг сая 300 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байдаг. Б.Ариунзаяа тус торгуулийг төлж барагдуулсан ба энэ долоо хоногт \2024.05.10\ түүнд оногдуулсан хилийн хориг цуцлагдах байжээ.