ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛААС ТАТГАЛЗСАНААР МОНГОЛ УЛС ПАРЛАМЕНТЫН ЗАМЫГ СОНГОЖЭЭ

GNNGNN
1-р сарын 22, 2025  
 0
ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛААС ТАТГАЛЗСАНААР МОНГОЛ УЛС ПАРЛАМЕНТЫН ЗАМЫГ СОНГОЖЭЭ

Их гүрнүүдийн дунд оршдог жижигхэн Монгол Улс, тэгсэн хэрнээ иргэд том эрх чөлөөтэй. Бид өөрсдийн эрх чөлөөг голдог. Гэхдээ “…Эрх чөлөө маань хэр хэмжээтэй вэ” гэдгийг нийгмийн сүлжээн дэх үг хэлэх эрхээсээ шууд харж болно. Энэ маань 1992 онд баталсан Ардчилсан Үндсэн хуулиар баталгааждаг. Хэрвээ тухайн үед Үндсэн хуулиараа парламентын бус засаглалыг сонгосон бол өнөөдөр үгээ ийм чанга хэлэх байтугай өөдтэйхэн тод ярьж чадах байсан болов уу, яах бол...

 Тэгвэл тэрхүү Ардчилсан Үндсэн хуулийг 1991 оны сүүлчээр хэлэлцэх үед “…Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай явах уу” гэдгийг хэлэлцсэн. Тухайн үед АИХ-ын депутатууд “…Ерөнхийлөгчийн засаглал зөв”, “…Парламентын засаглал чухал” гэдэг дээр тэнцүү байр суурьтай байжээ.

 Тодруулбал, тухайн үеийн хууль тогтоогчид ийм эсрэг тэсрэг байр сууриудыг илэрхийлж байв. Ийн хэлэлцэж хэлэлцсээр санал хураахад “…Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна” хэмээн196 депутат буюу 53 хувь нь, “…Дэмжихгүй байна” хэмээн 151 депутат буюу 41 хувь нь санал өгсөн. Харин 15 депутат буюу таван хувь нь түдгэлзжээ.

 Үүний дараа “…Парламентын засаглалыг дэмжинэ” гэсэн цөөнх нь Монгол Улсын засаглалын асуудлыг дахин хэлэлцэх санал гаргажээ. Ингээд санал хураахад АИХ-ын депутатуудын 291 нь буюу 77 хувь нь энэ асуудлыг дахин хэлэлцэхийг дэмжсэн байна.

 Тиймээс АИХ-ын чуулганаар “...Монгол Улс ямар засаглалтай байх вэ” хэмээх асуудлаар дахин санал хураасан байна. Ингэхэд дийлэнх нь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн засаглалын талаар чамгүй олон хоног хэлэлцжээ. Эхлээд элдэв тайлбаргүйгээр 1991 оны арваннэгдүгээр сарын 29-30-ны хуралдааны тэмдэглэлийн заримыг хүргэе. 1991.11.29. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж байв.

 УБХ-ын дарга Р.Гончигдорж: Манайд шууд хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай, Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах улс байж болохгүй гэх тайлбар энд байхгүй. Өнөөдөр бид улсынхаа парламентын удирдлагын хэлбэртэй байх уу, Ерөнхийлөгчийн хэлбэр байх уу гэж ярьж байна. Аль нь ч байлаа гэсэн хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг парламент бол байхдаа л байна. Ерөнхийлөгч хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог оролцоо нь Ерөнхийлөгчийн засаглалтай ч бай, парламентын ч байлаа, хуульд хориг тавьдаг тэр эрхийнхээ хэмжээнд л оролцоно. Энэ бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг ямар ч төрийн удирдлагын хэлбэрт байдаг л зүйл. Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах улс болъё гэдэг асуудал юутай холбогдож ярьж байна гэхээр гүйцэтгэх засаглал нэг хүн байх уу, гүйцэтгэх засаглал парламентаас байгуулагдсан Засгийн газар байх уу гэдэг дээр байна. Би хамгийн бүдүүлгээр нь хэлж байна.

 238 дугаар тойрог Г.Төмөрбаатар: Ерөнхийлөгч, УБХ-ын даргаас асуухад энд оруулж байгаа хувилбар манай улсын нөхцөлд үнэхээр тохирох хувилбар мөн үү. Мөн бол үүнийг цааш нь амьдруулах ямар арга байна вэ.

 УБХ-ын дарга Р.Гончигдорж: Энэ ер нь болох л зүйл дээ гэж л та бүхэндээ толилуулж хэлэлцүүлж байгаа юм.

 Ерөнхийлөгч П.Очирбат: Би дуугүй суугаад байхаар заавал дуугарах нь зүйтэй гэж үзэж байгаа бололтой юм байна. Ерөнхийлөгчийн засаглал гэдгийг бид яагаад авахгүй юм бэ гэхээр энд олон зүйлүүд бий шүү дээ. Өнгөрсөн 70 жилийг л бодъё л доо. Далаад жил төр засгийг удирдсан удирдлагын сайн, муу туршлага байдаг шүү дээ. Ингээд үзэхэд нэг хүний засаглал байж болшгүй. Та бид энэ зааланд олон хууль баталсан даа.

 Нэг юм уу, нэги хэсэг хүнээс санаа гараад тэгээд аппарат боловсруулсан тийм зүйл дээр хууль болгож батлаад, түүнээс хойш ард түмний хэлэлцэн баталсан зүйл болоод явдаг. Өнөөдөр манай улсын эдийн засгийн бүтэц, нийгмийн бааз, ялангуяа өмч, аж ахуйн харилцааныхаа талаас дөнгөж эхлэх гэж байна.

 Ийм нэг учир холбогдол энд байна. Тэгэхээр энэ болгоныг бодоод, ер нь ардчиллын замд анхныхаа хөлийг тавьж байгаагийнхаа хувьд бид энэ ардчилсан парламентынхаа ёсыг дагаад явбал төрийнхөө гол бодлогыг, улсынхаа удирдлагын үндсэн төрийн бодлогын чиглэлүүдийг хуулиа, энэ парламенттай зангидаж, үүнтэй жинхэнэ төрийн бодлого боловсорч байх ёстой юм биш үү. Түүнийг хэрэгжүүлэх асуудал бол мэдээж гүйцэтгэх засаглал, түүнийгээ аваад, хуулиа боловсруулж баталсан энэ парламентаасаа баталсан төрийнхөө бодлогыг гадаад ч бай дотоод ч бай, эдийн засгийн ч бай нийгмийн ч бай бүхий л бодлогуудаа эндээс гаргаж аваад хэрэгжүүлэх ажлаа гүйцэтгэх засаглал нь хөөцөлдөж явбал зүйтэй юм биш үү.

 87 дугаар тойргийн депутат Хурц: Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах улс, парламентын Бүгд Найрамдах улс хоёр чинь хоёулаа ардчиллыг дээдэлсэн, хаа хаагүй ардчилал жигд байдаг, Ерөнхийлөгч нь ардчиллыг нухчин дарж байдаг дарангуйлал байдаггүй юм гэж би ойлгож байгаа. Парламентын болон Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах улсын тэнцвэрт байдал, сайн тал нь юу юм бэ, юуг нь муу тал гэдэг юм бэ.

 УБХ-ын дарга Р.Гончигдорж: Манай онцлог байдлын үүднээс парламентын хэлбэрийг нь Бага хурлаас оруулж ирлээ. Парламентын, Ерөнхийлөгчийн байхын эерэг сөрөг талыг энэ ажлын хэсийг хариуцаж байгаа Баярын тайлбарыг сонсож болж байна.

 Нэгдүгээр тойргийн депутат Баяр: Парламентын тогтолцооын даваа тал гэж онолдоо ч, практиктаа ч гурван зүйл хэлдэг юм билээ л дээ. Олон намын тогтолцоо, олон ургальч үзэл, идэвхтэй оршин тогтнох нөхцөл бололцоог олгож өгдгөөрөө парламентын тогтолцооны давуу тал гэж үздэг. Хоёрт бол улс төрийн амьдралд баг, жижиг ч гэсэн бүлэглэл, намууд идэвхтэй оролцох боломж бололцоог олгож өгдөг. Гуравт Засгийн газрыг парламентаас бүрдүүлдэг учраас огцруулах эрх нь ч түүндээ хадгалагддаг. Тийм учраас парламентаас Засгийн газарт хяналт тавих, хариуцлага хүлээлгэх, улмаар огцруулах боломж нээгддэг. Ийм үндсэн олон юм бий л дээ. 1991.11.30. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн хамгийн чухал өдөр. Учир нь дээр хэлсэнчлэн АИХ-аас “…Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай явах уу” гэдгийг шийдсэн.

 390 дүгээр тойргийн депутат Ү.Аварзэд: Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс шууд сонгоно. Парламентаас шууд хараат биш байдалд оруулна. Ийм байдлаар Ерөнхийлөгч Засгийн газраа удирдаж, толгойлж байх юм бол манай ард түмний сэтгэл санаанд илүү их тохирно. Нэг ёсны бүдүүлэг үгээр хэлэхэд, манай улс одоо л нэг хаантай боллоо гэж ард түмэн үзнэ.

 191 дүгээр тойргийн депутат Д.Лханаасүрэн: Би парламентын засаглалтай, Ерөнхийлөгч нь нэлээд хүчтэй, одоо байгаа энэ төсөл дээр эрх мэдлийг нь нэлээд нэмсэн ийм засаглалтай байх нь зүйтэй гэж үзэж байна.

 42 дугаар тойргийн депутат Б.Даш-Ёндон: Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал байж болно, гэхдээ өнөөдөр цаг нь биш. Ерөнхийлөгч гэв гэнэт Засгийн газрынхаа эрхийг шүүрэн авч хутгалдаж байгаа явдал бол ноцтой алдаа. Түүнд бид урамшиж, түүнийг бид нар дууриаж болохгүй. Ерөнхийлөгчийн засаглал тогтвол ямар уршигтай тухай ярья.

 288 дугаар тойргийн депутат С.Баярцогт: Ерөнхийлөгч нь аль талдаа давамгайлах нь ойлгогдохгүй байна. Би гол нь засаглалын асуудлаа тодорхой болгох хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхийлөгч нь миний ойлгож байгаагаар иргэнээ төлөөлөөд сайхан монгол эр гэдэг шиг төлөөллийн, бэлгэдлийн утгатай байна. Би нэг хүн дээр засаглал төвлөрөхийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм.АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар хэлэлцсээр эцэст нь санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, 186 депутат буюу 48 хувь нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцжээ. Санал тэнцсэн тул Ерөнхийлөгчийн саналыг сонсохоор болсон байгаа юм.

 Ерөнхийлөгч П.Очирбат: Эрхэм депутатууд аа. Тэгэхээр би өчигдөр бас та бүхний тавьсан асуудалд хариулахдаа өөрийнхөө саналыг хэлсэн. Түүнээс өөр надад нэмж хэлэх зүйл алга байна. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа, хэлэлцсэн явцаас харахад ер нь манайд та бидний буруу ярьж, зөв ойлгоод байгаа парламентын засаглал байх нь зайлшгүй чухал байгаа юм. Тэгэхээр үүнийг бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл дээр зарим зохицуулах, зарим зүйлийг тодруулах нэмэх, ийм юм бий байх аа. Үүнийг бол тухайн тухайн зүйлийг хэлэлцэхдээ яриад тодруулаад явчихаж болох байх гэж бодож байна. Тийм учраас ер нь одоо энэ эрх хуваах ямар засаглалтай төр, улс байх вэ гэдгийг шийдэхдээ парламентынх гэдэг дээр нь тогтож шийдээд, эрхийн харьцаа хуваарь тэнцвэрийн асуудлаа тодорхой дараа нь яривал яасан юм бэ гэсэн ийм саналыг дахиад хэлмээр байна. Түүний дараа АИХ-ын дарга Ж.Уртнасан “…Томьёоллыг бид өөрчлөхгүйгээр л санал хураадаг. За, саналд тэнцэж байна. Дахин санал хураалт явуулъя” гээд, 16 депутат үг хэлээд, “...Парламентын засаглалтай байна” гэдгээр томьёолж санал хураажээ. Үүгээр 19:03 минутад дахин санал хураалт явуулахад Ерөнхийлөгчийн засаглалыг 238 депутат буюу 65 хувь нь дэмжиж, 117 буюу 32 хувь нь татгалзжээ. Хэлэлцүүлэг цааш үргэлжилж, 1991 оны арванхоёрдугаар сарын 1-нд АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн засаглалыг 190 депутат буюу 50 хувь нь дэмжиж, 178 депутат буюу 47 хувь нь татгалзаж, 12 депутат буюу гурван хувь нь түдгэлзжээ. Улмаар арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх, УИХ-ын тухай хэлэлцэж эхэлсэн байна.

 Харин 354 дүгээр тойргийн депутат Ш.Бороодой “…67 хувийн санал авсан Ерөнхийлөгчийн засаглалыг шийдвэрлэсний дараа бусад асуудлаа цааш хэлэлцэж эхэлье” санал дэвшүүлсэн байна. Ингэсээр 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Б.Чимид Үндсэн хуулийн зүйл бүрээр депутатуудад уншиж сонсгоход “...УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэдэг заалтыг дэмжжээ.

 Ер нь бол 1991 арваннэгдүгээр сарын 30-ны тэр өдөр Ерөнхийлөгч П.Очирбат “хайн” хагалсанаар Монгол Улс Ерөнхийлөгчийн бус парламентын засаглалыг сонгож байжээ. Товчхондоо, Ерөнхийлөгч П.Очирбат Ерөнхийлөгчийн засаглалаас татгалзаж Монгол Улс парламентын замыг сонгож байв. Харин энэ нь анхны Ерөнхийлөгч П.Очирбатын улстөрчийн хувьд ч, төрийн зүтгэлтний хувиар ч Монголдоо үлдээсэн өв болж үлдэв. Тэрээр тэнгэрийн орноо одов. Амьд ахуйдаа энэ гавьяагаа энд тэнд ярьж дурсаж ч явсангүй. Монголын төр ч дархалж тодруулж өгсөнгүй. Тэр байтугай ч түүнийг тэнгэрт одсоны дараа нийгмийн сүлжээгээр монгол хүний сэтгэл зүй хийгээд үйлдэл байх боломжгүй олон “сэтгэгдэл” олж үзэв. Ихэд гонсойв. Анхны Ерөнхийлөгчийн 1997 онд цагаан элсний нефтийн хайгуулд анхны өрөм тавьж, тухайн орд газраас түүхий нефть ундрахад өөрийн өмсөж явсан дээлээ мялааж байснаар нь их л баалав. Уг нь энэ талаар П.Очирбат гуай сүүлд хэвлэлд “…1994 онд цагаан элсний нефтийн хайгуулд анхны өрөм тавихад та нар үүнийг өрөмдөөд нефть олгойдох юм бол гоёлын дээлээ үүгээр чинь мялаана гэж хэлсэн. Тэр яагаад тэгдэг юм гэхээр нефтийнхэнд өөрсдийн өвөрмөц баяр байдаг. Нефть олгойдвол хайгуулынхан цөмөөрөө шүршүүлдэг. Усан онгоцныхон бол усан онгоцоо бүтээж байгаад шампанскийг олсонд уяж буудуулдаг.

 Би тэдэнд “…Нефть олгойдвол Монголын ард түмэн наадахаар чинь гоёлын дээлээ шүршүүлнэ” гэсэн. Тэгээд гурван жилийн дараа 1997 онд оргилоод эхлэхээр нь оргилсон нефтиэр ард түмнээ төлөөлж дээлийнхээ энгэрийг мялаасан юм. Тэр дээлээ хадгалж байгаа. Нефть чинь бүдгэрээд байдаг юм байна лээ. Гарын таван хурууны ором байгаа. Би тэр дээлээ 100 мянган ам.доллараар үнэлсэн.

 “Соко интернейшнл” компанийн захирал Роберт Стори гэж залуу байдаг юм. Тэр “…Монголд нефтийн хайгуул хийгээд, орлого олоод өөрийн үйл ажиллагааг харуулсан музей байгуулна” гэж байсан юм. Түүнд “…Музейд чинь энэ дээлээ 100 мянган ам.доллараар өгнө. Тэр 100 мянган ам.доллараар зээ охиноо Америкад сургуульд явуулах төлбөрийг нь хийнэ” гэж хэлсэн. Ийм л зүйл болж би дээлээ тэгж үнэ хүргэсэн байдаг” гэж дурссан нь бий. Нөгөөтэйгүүр, Тамсагийн нефтийг Канадын “Соко интернейшнл” компани П.Очирбат гуайг Ерөнхийлөгч байх үед олсон нь үнэн.

Дараа нь лицензээ Хятадын “Петро Чайна”-д зарсан. Тус компани 2001 онд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн. Тэгээд олборлолт эхэлсэн. Бодит байдал нь ийм л байдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин