Э.БАТ-ҮҮЛ: ОРОСУУД МОНГОЛЫН ШАТАХУУНЫ ХАРААТ БАЙДЛЫГ ХАДГАЛАХ СОНИРХОЛТОЙ УЧРААС ӨГӨХГҮЙ ГЭДЭГГҮЙ, ДАНДАА ӨГНӨ ГЭЖ ХУУРЧ, ТАЙВШРУУЛСААР ИРСЭН

GNNGNN
Aug 3, 2026  
 0
Э.БАТ-ҮҮЛ: ОРОСУУД МОНГОЛЫН ШАТАХУУНЫ ХАРААТ БАЙДЛЫГ ХАДГАЛАХ СОНИРХОЛТОЙ УЧРААС ӨГӨХГҮЙ ГЭДЭГГҮЙ, ДАНДАА ӨГНӨ ГЭЖ ХУУРЧ, ТАЙВШРУУЛСААР ИРСЭН

Хотын дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та сайхан наадав уу. Ер нь хаагуур наадамлав, хөдөө орон нутгаар уу, хотоор уу?

-Хотоор наадсан. Сайхан наадлаа.

-Сүүлийн үед улс орон даяар шатахууны хомсдол нэлээд хүнд байдалд орчихлоо. Намрын ид ажил эхлээгүй байхад ийм асуудал үүсэж байгаа нь юутай холбоотой гэж та үзэж байна вэ. Энэ талаар ямар бодолтой байна?

-Юуны өмнө Украинд дайн эхэлсэн үеэс л манай олон нийт “шатахуун нийлүүлдэг гол улс маань дайны нөхцөлд орчихлоо. Тиймээс шатахууны асуудлаа дэлхийн нөхцөл байдалтай уялдуулж, найдвартай эх үүсвэртэй болох талаар анхаарах хэрэгтэй” гэж байнга ярьж байсан. Энэ асуудалд эртнээс бэлдэхгүй бол шатахуун тасалдах аюул үүснэ гэдэг сануулгыг олон хүн хэлж байлаа. Гэтэл тэр дайн эхэлснээс хойш бараг таван жил өнгөрч байна. Энэ хугацаанд асуудлаа шийдэх бүрэн боломж байсан. Мөнгө ч байсан. Хэдэн их наядаар нь мега төсөл ярьж, томоохон бүтээн байгуулалтын талаар байнга ярьж байсан. Тэр боломжоо ашиглаад хэдэн ч шатахууны нөөцийн савыг байгуулж болох байсан. Мөн шатахуун нийлүүлдэг компаниудад заавал

нөөцийн сав бэлтгэх үүрэг өгч, шаардлага тавих бүрэн боломжтой байлаа. Хугацаа ч хангалттай байсан, эрх мэдэл ч, мөнгө ч байсан. Гэтэл өнөөдөр шатахуунаа хангаж чадахгүй ийм хүнд байдалд орчихлоо.

-ОХУ-ын хувьд дотооддоо шатахууны асуудал нь хүндэрчихлээ гэж сошиалаар шуугиж байна. Энэ үнэн үү?

-Үнэн байлгүй яах вэ. Орос улс өөрөө өнөөдөр маш хүнд нөхцөлд орсон. Бензин, шатахуунаа гадагш экспортлох нь битгий хэл, дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй хэмжээнд хүрээд, улс орон даяар урт дараалал, хүндрэл үүсээд байна. Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиолдож байгаагүй нөхцөл байдал гэж хэлж болно. Ийм нөхцөлд Оросын Засгийн газар шатахуунаа гадагш гаргахгүй байх шийдвэр гаргаж байгаа. Энэ бүхнийг урьдчилан анхааруулсаар байхад манай тал ийм хариуцлагагүй хандсан нь асуудал. Хэрэв үнэхээр гэнэт ийм нөхцөл байдал үүссэн бол ойлгож болох байсан. Гэтэл энэ асуудал үүснэ гэдгийг олон нийт, мэргэжилтнүүд удаа дараа сануулж, өмнө нь ч шатахуун бага багаар тасалдаж эхэлж байсан. Төр засагт эрсдэлийн бодлого гэж зайлшгүй байх ёстой. Нөөцөө бүрдүүлж, ямар нэгэн хүндрэл гарсан үед бэлэн байх ёстой. Гэтэл ийм нөхцөл байдал үүссээр байхад зохих арга хэмжээ аваагүй нь хариуцлагагүй үйлдэл гэж би үзэж байна. Нөгөө талаар, би яг баримттай хэлж чадахгүй ч гэсэн нэг зүйл бодогддог. Ялангуяа салбарын сайд Г.Дамдиннямын өмнө нь удаа дараа хэлж байсан мэдэгдлүүдийг харахад Оросын тал манай талыг нэлээд тайвшруулсан юм болов уу гэсэн бодол төрдөг.

-Оросууд биднийг хуурсан, тэр хуурталтад нь бид итгэчихсэн гэж үү?

-Оросууд “Танайд шатахуун хэвийн нийлүүлнэ, асуудал гарахгүй” гэж хэлсээр байгаад манай дарга нарыг тайвшруулаад байсан байж магадгүй. Үүнд нь манайхан Оросын нийлүүлэлтэд хэт найдаад байсан байж болно. Цаашлаад Оросын тал Монголын шатахууны хараат байдлыг хэвээр хадгалах сонирхолтой байсан ч юм билүү гэж боддог. Г.Дамдинням сайд ч, өмнөх сайд нар ч “Оросын тал ямар ч нөхцөлд Монгол Улсыг найдвартай шатахуунаар хангана гэж мэдэгдэж байгаа” гэж удаа дараа ярьж байсан. Миний дотор нэг хардлага байдаг. Монголын шатахууны хараат байдлыг хэвээр нь барихын тулд “асуудалгүй, нийлүүлэлт хэвийн байна” гэж тайвшруулсаар байсан юм биш байгаа гэж боддог. Нэг талаас манай төр өөрөө хариуцлагагүй байсан. Нөгөө талаас өөрсдөө хүнд байдалд орчихсон улсын үгэнд итгээд, хууртаад явсан нь бодлогогүй байсны шинж.

-Хэрэв Оросын тал анхнаасаа “цаашид Монголыг өмнөх шигээ шатахуунаар хангах боломжгүй болно” гэдгээ шулуухан хэлчихсэн бол Монгол Улсын хувьд өөр эх үүсвэр хайх, цаашлаад хараат байдлаасаа гарах бодлогыг эрчимтэй явуулчихна гэж бодсон хэрэг үү?

-Тийм. Ер нь мөнгөө төлөөд авъя гэвэл дэлхий дээр шатахуун үйлдвэрлэдэг ганц улс Орос биш. Манай урд хөрш Хятад байна, Казахстан байна, Солонгос байна. Ер нь мөнгийг нь төлөөд дэлхийн хаанаас ч шатахуун авах боломжтой. Дээрээс нь шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг илүү өргөнөөр оролцуулж, нийлүүлэлтийн тогтолцоогоо төрөлжүүлэх хэрэгтэй байсан. Харин төрийн хамгийн чухал хийх ажил нь нөөцөө бүрдүүлэх байсан. Нөөцийн сав, агуулахуудаа байгуулах ёстой байлаа. Мега төслүүдийнхээ нэгхэн хэсгийн хөрөнгийг гаргахад л улсын хэмжээний томоохон шатахууны нөөцийн савуудыг байгуулах бүрэн боломж байсан.

-Монгол Улсын хувьд төмөр зам, нийтийн тээврийн хөгжил сул, автомашин, шатахуунаас ихээхэн хамааралтай. Ийм нөхцөлд эрсдэлийн бодлого бүр ч чухал байсан гэж үзэж байна уу?

-Яг тийм. Манай улс төмөр замын хүртээмж бага, метро байхгүй, цахилгаан нийтийн тээвэр хөгжөөгүй. Тиймээс иргэдийн амьдрал, эдийн засгийн үндсэн тулгуур нь автомашин, шатахуун болсон. Ийм нөхцөл байдлаа мэдсээр байж өнөөдөр л нөөцийн сав барих тухай ярьж эхэлж байна. Үнэндээ Украинд дайн эхэлсэн үеэс би өөрөө ч энэ талаар олон удаа жиргэж, анхааруулж байсан. Гэхдээ зөвхөн би биш, олон нийт ч “нөөцөө бэлд, эрсдэлээ тооц” гэж байнга хэлж байсан. Өнөөдөр хүмүүс мэдээлэлтэй болсон. Тэнэг биш. Ийм нөхцөл үүсэж магадгүйг олон нийт, хэвлэл мэдээлэл хүртэл анхааруулж байсан. Миний хэлээд байгаа гол зүйл бол энэ асуудал гэнэт үүссэн юм биш. Урьдчилсан бүх дохио нь байсан. Ийм нөхцөл байдал үүснэ гэдэг нь харагдаж байсан мөртлөө төр ямар ч бодит бэлтгэл хийгээгүй.

-Энэ нөхцөл байдал цаашдаа эдийн засагт ямар эрсдэл дагуулах бол?

-Миний ойлгож байгаагаар бол энэ маш том цохилт болох гэж байна. Яагаад гэвэл яг одоо намрын ургац хураалтын ажил эхлэх гэж байна. Шатахууны асуудал ингэж үргэлжилбэл олон ажил зогсоно. Ургац хураалт, тээвэрлэлтийн ажил саатвал эдийн засагт маш том уналт авчирна. Тиймээс энэ асуудал жижиг зүйл биш. Маш ноцтой үр дагавартай.

-Намрын ид ажлаас өмнө энэ асуудлыг зохицуулах боломж байгаа гэж та харж байна уу?

-Саяхан цахим орчноос харахад Г.Дамдинням сайд Өмнөд Солонгосоос шатахуун авах асуудал ярьж байгаа юм шиг байна лээ. Үнэн эсэхийг нь сайн мэдэхгүй. Гэхдээ ийм онцгой нөхцөлд Монгол Улс зөвхөн нэг улсаас хамаарах биш, Хятадад ч хандах хэрэгтэй, Казахстантай ч ярих хэрэгтэй. Саяхан Ерөнхийлөгч Казахстан улсад айлчилсан. Ер нь боломжтой бүх улстайгаа хэлэлцээ хийж, нийлүүлэлтийн гарцаа нээх ёстой. Анх Европын холбоо хүртэл ийм хүндрэл гарвал туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Тиймээс одоо бүх боломжоо ашиглаж, олон улсын түвшинд асуудлаа шийдэхийн төлөө ажиллах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр өчигдөр, өнөөдрийн нөхцөл байдлыг харахад Орос өөрөө улам хүндэрч байна. Хэрэв Оросын нөхцөл байдал ийм биш байсан бол ямар нэг хэмжээгээр найдвар тавьж болох байлаа. Гэтэл өнөөдөр Орос өөрөө маш хүнд байдалд орчихсон. Тэр байтугай дайны фронт дээрээ хүртэл шатахууны хомсдолд орж байгаа талаар мэдээлэл гарч байна. Ийм нөхцөлд бид зөвхөн нэг улсаас найдвар хүлээгээд байх боломжгүй болсон гэсэн үг. Энэ нөхцөл байдлыг бодлогын түвшинд ашиглаж, нэг улсаас шатахуунаар хараат байж болохгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Цаашдаа шатахууны хангамжаа дэлхийн зах зээлтэй уях ёстой. Манайх шиг жижиг хэрэглээтэй улс бол Хятад, Казахстан зэрэг улсаас шатахуун авах нь тийм ч том асуудал биш. Монгол Улсын жилийн хэрэгцээ ердөө хоёр сая гаруйхан л тонн. Энэ хэмжээний нийлүүлэлт бол тэдгээр улсын хувьд маш бага хэмжээ.

-Газрын тос боловсруулах үйлдвэр олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад ороогүй байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр гэж хэчнээн олон жил ярив. Гэтэл өнөөдөр хувийн хэвшил хүртэл бага хэмжээгээр бензин үйлдвэрлэж эхэлж байна. Мэдээж хүчин чадал нь хангалтгүй. Эрдэнэтэд нэг үйлдвэр байна, өөр газруудад ч жижиг үйлдвэрүүд бий. Гэтэл төрийн ажил яагаад ийм удаан, үр дүнгүй явж байгаа юм бэ гэдэгт гайхаж байна. Миний бодлоор яг одоо хамгийн түрүүнд хийх ажил бол шатахуун импортлох боломжийг аль болох чөлөөтэй болгох ёстой. Иргэд ч хувиараа оруулж ирдэг байх хэрэгтэй. Ялангуяа хилийн боомттой сумдад шатахуун оруулж ирэхийг чөлөөлөх ёстой. Өнөөдөр шатахуун нийлүүлдэг цөөн хэдэн монополь компани энэ асуудлыг дангаараа шийдэж чадахгүй нь харагдлаа. Тиймээс нийлүүлэлтийг нээлттэй болгохоос өөр гарцгүй.

-Өмнө нь ийм арга хэмжээ авч байсан туршлага бий юу?

-Байлгүй яах вэ. 1998 онд манай намын байгуулсан Засгийн газар, Ерөнхий сайд М.Энхсайханы үед яг ийм хүнд нөхцөлөөс ингэж гарч байсан. Тухайн үед шатахуун импортлохыг чөлөөлсөн. Гаалийн татвараа төлөөд л хэн ч шатахуун оруулж ирэх боломжтой болгосон. Тэр үед ч гэсэн биднийг улс төрийн зорилгоор шатахуунаар шахаж байсан. Бүр санаатайгаар шатахуунаа тасалж байсан шүү. Гэхдээ зах зээлээ чөлөөлсний дараа сум бүр шатахуун түгээх газартай болж эхэлсэн. Хилийн худалдаа идэвхжиж, иргэд өөрсдөө шатахуун оруулж ирдэг болсон. Үнэндээ төрийн хийж чадахгүй байгаа ажлыг иргэд хийдэг. Хил орчмын иргэд Оросоос шатахуун авчирч чадна. Яг үнэндээ Оросод хэчнээн хүнд байсан ч манай иргэд хил гараад яаж ийгээд наашаагаа бензин оруулаад л ирнэ.

-Ийм хүнд үед төр үнэнээ хэлээд, импортыг шууд чөлөөлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төр дангаараа шийднэ гэж найдахаас илүүтэй зах зээлээ нээх ёстой гэж үзэж байна уу?

-Үнэнээ хэлээд чөлөөлөх ёстой. Бид төрд найдаад таван жил боллоо. Энэ асуудал таван жилийн өмнөөс л яригдсан. Би ч өөрөө таван жилийн турш анхааруулж ирсэн. Гэтэл өнөөдөр асуудал тулгамдсаны дараа л Г.Дамдинням сайд нь гадаад руу явж, шатахуун хайж байна. Өчигдөр, уржигдар л Өмнөд Солонгос руу явсан гэж байна. Бодоод үз дээ. Таван жил ярьсан асуудал шүү дээ. Таван жилийн өмнө ийм эрсдэл үүснэ гэдгийг хүн бүхэн л мэдэж байсан. Гэтэл манай төрийн сайд нь цагийн тулгаад уржигдар л гадаад руу явж байгаа нь энэ хүн эрүүл үү гэж гайхаар байна. Өнөөдөр Орос улс өөрийнхөө дотоод хэрэгцээг ч бүрэн хангаж чадахгүй, нийгэмдээ хүндрэл үүсээд байхад энэ нөхцөл байдлыг ойлгохгүй сууж байна гэдэг сайд хүний хувьд маш ноцтой асуудал.

-Энэ асуудал дээр төр, Засгийн газрын хариуцлагыг та хэрхэн дүгнэж байна вэ. Мэдээж хариуцлагагүйн том жишээ гэж ойлгогдож байна шүү дээ...?

-Би сая хэллээ. Одоо бүр эрүүл ухаантай байна уу, үгүй юу гэдэг асуудал яригдахаар хэмжээнд хүрчихээд байна. Нүдэн дээр ил байгаа нөхцөл байдлыг харахад л ойлгомжтой. Орос өөрөө фронт дээр байлдаж байгаа цэргийн ангиудаа хүртэл шатахуунаар хангаж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна гэдэг чинь ямар хүнд байдалд орсныг илтгэж байгаа хэрэг. Тэр байтугай Орос өөрөө гадаадаас шатахуун импортлох талаар ярьж, эрэлхийлж байна. Өөрсдөө бусдаас шатахуун гуйж байгаа нөхцөлд манай салбарын сайд саяхан л тийшээ явж байгаа нь эрүүл ухаанаар бодоход ойлгогдохгүй байна. Иймээс би зөвхөн сэтгэлгүй, хариуцлагагүй байна гэж хэлэхээс гадна энэ хүмүүсийн бодлого, шийдвэр гаргах чадварын талаар хүртэл асуулт тавигдаж байна гэж харж байгаа. Дээрээс нь "та нар наадамдаа хамаг шатахуунаа хэрэглэчихлээ" гэх мэт тайлбар ярьж байгаа нь олон түмнээ дэндүү басамжилж байгаа хэрэг.

-Төр, Засгийн газрын энэ хариуцлагагүй байдлын үр дагаварт улс төрийн ямар хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна вэ?

-Манай нам ч өмнө нь Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьж байсан. Аль хавраас л "энэ Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна" гэж хэлж байсан. Одоо ийм нөхцөл үүсчихээд байхад хариуцлагагүй хүмүүсийг хараад горьдож суух боломжгүй. Огцруулахаас өөр аргагүй. Төрийн хамгийн том хариуцлага бол эрсдэлийг урьдчилан тооцож, нийгмээ аливаа аюулаас хамгаалах явдал. Энэ бол төрийн үндсэн үүрэг. Гэтэл ямар ч эрсдэлийн бодлого алга. Ямар ч бэлтгэл алга. Үндсэн үүргээ биелүүлээгүй бол улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Хүмүүс зугаалж явж байгаад гэнэт "бензингүй болчихлоо" гэж сандраад, дараа нь гадагшаа нисэж шийдэл хайж байгаа ийм байдлыг хараад байхад хариуцлагын тухай ярихгүй өнгөрч болохгүй. Үнэндээ би бүр гайхаад байна. Сэтгэлгүй, бодлогогүй гэдэг үг хүртэл багадахаар санагдаж байна. Энэ хүмүүсийн эрүүл ухаан нь хэвийн байгаа юм уу гэж хүртэл бодогдохоор байна. Орос шатахууны хомсдолд орчихсон гэдгийг дэлхий нийт мэдэж байсан. Монголын Засгийн газар мэдээгүй байна гэж байхгүй. Хэрэв мэдэж байсан юм бол яагаад ажлаа хийгээгүй юм бэ гэдэг л хамгийн том асуулт.

-Та Хятадын шатахууны хэрэглээ буурсан талаар дурдсан. Энэ нь Монгол Улсад шинэ боломж нээж байна гэж үзэж байна уу?

-Тийм. Хятадын шатахууны хэрэглээ энэ жил дөрвөн хувиар буурсан гэсэн мэдээлэл бий. Тэр дөрвөн хувь нь ойролцоогоор 16 сая тонн гэсэн үг. Харин Монгол Улсын жилийн хэрэгцээ ердөө хоёр сая тонн. Тийм болохоор зөвхөн Хятадаас авъя гэсэн асуудал биш л дээ. Миний хэлээд байгаа гол санаа бол нэг улсаас хараат байхаа больё. Олон эх үүсвэртэй болъё. Дэлхийн зах зээлтэй холбогдъё гэсэн бодлого хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд бид шаардлагатай бол Японоос ч авч болно, Солонгосоос ч авч болно, Казахстанаас ч авч болно. Дэлхий даяар шатахуун үйлдвэрлэж байгаа маш олон улс байна. Хамгийн чанартай бензин үйлдвэрлэж байгаа улс орнууд ч бий. Монголыг тойроод л шатахуун үйлдвэрлэгч орнууд байна. Орос ганцаараа биш. Бид Японы автомашин хэрэглэдэг мөртлөө яагаад Японоос шатахуун авч болохгүй гэж. Оюутолгой зэрэг томоохон төслүүд ч үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд дэлхийн зах зээлтэй ажиллаж байгаа шүү дээ.

-Тэгэхээр өнөөдрийн асуудал зөвхөн нийлүүлэлтийн асуудал биш гэж үзэж байна уу?

-Би бол энэ байдлыг хараад үнэхээр гайхаж байна. Оросын хувьд Монголыг шатахууны хараат байдалд хэвээр нь байлгах сонирхол байж болох юм. Өөрсдөө хүнд байдалд орчихсон мөртлөө энэ хараат байдлыг хадгалахыг хүсэж байгаа мэт харагддаг. Гэхдээ хамгийн ойлгомжгүй нь манай тал яагаад ийм бодлогод нь үйлчлээд байгаа юм бэ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл манайхыг бензиний хараат байдалд байнга байлгаж байх сонирхолтой нэг орны эрх ашигт яагаад бид үйлчлээд байдаг юм бэ.

-Монгол Улсыг шатахууны хувьд нэг улсаас хараат байлгах гэсэн сонирхолд яагаад нийцээд байдаг юм бэ. Үүн дээр шатахуун импортолдог монополь компаниудын эрх ашиг ч бас нөлөөлж байна уу?

-Төр бодлого гаргах ёстой. Олон тулгуурт эдийн засаг ярьдаг шигээ шатахууны хангамж дээр ч олон тулгуурт бодлого хэрэгжүүлэх ёстой. Дэлхийн зах зээлд нээлттэй байх хэрэгтэй. Мөнгийг нь төлөөд авахад зөвхөн Орос биш, олон улс шатахуун нийлүүлэх боломжтой. Хятад нийлүүлнэ, Казахстан нийлүүлнэ, Солонгос нийлүүлнэ. Хятадын хэрэглээ 16 сая тонноор буурсан байгаа бол тэр хэмжээгээ өөр зах зээлд борлуулах сонирхол нь мэдээж бий. Тиймээс Монгол Улс хүсвэл ямар ч зах зээлээс шатахуун авах боломжтой. Гол нь тэр бодлого руугаа шилжих хэрэгтэй. Нэг улсаас хараат байлгах бодлого л олон жил өөрчлөгдөхгүй явлаа. Тэр бодлогод нь үйлчлээд байна гэж би хардаг.

-Энэ байдлыг өөрчлөхийн тулд улс төрийн ямар өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байна вэ. Энэ эрх барьж байгаа нам энэ өөрчлөлт рүү шилжиж чадахгүй юм биш үү?

-Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн эрх баригч нам удирдах чадваргүй байгаа нь энэ мэт энгийн асуудлуудаас ч харагдаж байна. Энэ зөвхөн шатахууны асуудал биш. Ер нь бодоод үзэхэд эрх баригч нам яг юу хийж, юу удирдаж чадсан юм бэ. Ихэнхдээ пиар л хийж байна. Харин бодит үр дүнтэй, тодорхой ажил юу байна вэ гэвэл харагдахгүй байна. Монголд хамгийн дутагдаж байгаа зүйл бол хариуцлагын тогтолцоо. Хариуцлага алдсан бол тайлбар яриад байх биш, шууд улс төрийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Огцруулах ёстой. Тэгээд дараагийн хүн нь ажлаа хийе гээд гарч ирнэ. Хэрэв тэр нь бас ажлаа хийж чадахгүй бол мөн л огцруулах хэрэгтэй. Ажил хийж чадахгүй хүнийг ажил дээр нь үлдээдэг газар хаана байдаг юм бэ. Энэ бол ертөнцийн жам, төрийн удирдлагын хамгийн энгийн зарчим.

-Хотын асуудал руу оръё. Наймдугаар сар гарчихлаа. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлийн хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Энэ жил ч мөн тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг эртнээс, илүү урт хугацаагаар хэрэгжүүлэх талаар ярьж байна. Харамсалтай нь тэгш, сондгойгоор явуулсан ч замын түгжрэл буурахаа больсон шүү дээ...?

-Тэгш, сондгойгоор явуулах нь буруу байгаагаас гадна ер нь шаардлагагүй арга хэмжээ. Нэгдүгээрт, үр дүнгүй гэдэг нь аль хэдийнэ харагдсан. Таны асуудаг шиг хэрэгжүүлээд ч түгжрэл буурахгүй байна. Хоёрдугаарт, үүний оронд өөр шийдэл хэрэгжүүлэх боломж бий. Би олон удаа хэлж байгаа. Улаанбаатарын нийтийн тээврийг саадгүй явдаг болгох хэрэгтэй. Энэ талаар дэлхийн туршлага ч байна. Хотын нийтийн тээврийн мастер төлөвлөгөө ч аль хэдийнэ боловсруулагдсан. Ялангуяа Их тойруу, Бага тойруу орчмын гол шугамууд дээр нийтийн тээврийг түгжрэлгүй, цаг алдалгүй зорчдог болгох бүх төлөвлөлт нь бэлэн байгаа. Тэр мастер төлөвлөгөөгөө л хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн би өмнө нь ч хэлж байсан. Ядаж гол чиглэлийн нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгочих хэрэгтэй. Хүмүүс нийтийн тээврээ хурдан, найдвартай гэж үзвэл хувийн машинаараа түгжрэл дунд явах шаардлагагүй болно. Энэ л жинхэнэ шийдэл.

-Өнөөдөр хотын төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд нэмэгдсэн. Гэтэл үр дүн төдийлөн харагдахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Миний үед хотын төсөв өнөөдрийнхтэй харьцуулахад ямар ч мөнгөгүй байж гэж санагдахаар байна. Харин одоо хотын төсөв, боломж асар өссөн. Гэтэл эрх мэдэл, мөнгө нь нэмэгдэх тусам ажил нь улам муудаад байна. Ажил хийхийн оронд мөнгөө булаацалдсан хүмүүс болчихлоо. Мөнгө булаацалдаж байгаа хүмүүс ажил хийдэггүй. Энэ бол ойлгомжтой зүйл. Өнөөдөр яг тийм дүр зураг харагдаад байна.

-Одоогийн хотын удирдлагын ажлыг та хэрхэн үнэлж байна вэ?

-Хотын даргыг харахад надад үнэхээр харамсалтай санагддаг. Хуримаа хийж явсан хүнийг гэнэт авчраад хотын дарга болгочихсон. Хотын дарга болно гэж өөрөө ч төсөөлөөгүй, зүүдлээгүй, ямар ч бодлого байхгүй байсан хүнийг шууд авчирч ирээд хотын дарга болгочихсон. Энэ утгаараа яг үнэндээ энэ хотод хийж байгаа ажил гэж алга. Зүгээр ажил хийх гэж байгаа дүр исгэлт л гаргаж байна. Ярьж байгаа зүйлсийг нь сонсоход яг юу хийх гэж байгаа нь ч тодорхой биш, ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаагаа ч бүрэн ойлгосон шинж ажиглагдахгүй байна. Үнэндээ хөөрхий минь, ажил хийх учраа ч олохгүй байна. Аргагүй шүү дээ. Хотын дарга болно гэж бодож ч яваагүй хүнийг хуримаас нь шахуу авчраад ийм том албан тушаалд тавьчихсан. Хотыг ингэж удирдаж, ингэж туршилтын талбар болгож болохгүй. Миний бодлоор өнөөдөр хотын удирдлагын өмнө үүсээд байгаа бүх асуудлын хариуцлага тодорхой болсон.

-Хотын асуудал дээр хариуцлагыг хэн хүлээх ёстой гэж та үзэж байна вэ?

-Би тэр хотын дарга руу нь биш, Засгийн газрын тэргүүн рүү нь ярьж байгаа. Өнөөдөр нийслэл хотыг бие даан ажиллах боломжгүй болгочихсон. Хотыг Ерөнхий сайдын агентлаг шиг болгосон. Тийм учраас энэ бүх асуудлын улс төрийн хариуцлагыг Ерөнхий сайд Н.Учрал хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл Н.Учралаас өөр хариуцлага хүлээх хүн байхгүй.

-Эрх баригч нам дотроо Засгийн газраа дахин байгуулж, дотооддоо өөрчлөлт хийх нь гарц болж чадах болов уу?

-Тэрийг би урьдчилж таагаад яах вэ. Миний хэлэх гэсэн зүйл бол ерөөсөө дээрээсээ эхлээд хариуцлага тооцож сурмаар байна. Ажил хийж чадахгүй бол явдаг байх хэрэгтэй. Монголд ажил хийж чадна гэсэн хүмүүс байхгүй биш. Зөндөө бий. Хариуцлага тооцдог тогтолцоо бий болчихвол хүмүүс хийсэн ажлаараа өрсөлддөг болно. Эрх мэдэл, албан тушаалд дурлах нь байж болно. Гэхдээ ажлаа хийж чадахгүй бол тэр албан тушаалаасаа явдаг байх ёстой. Тэр жишгийг л тогтоох хэрэгтэй. Ажлаа хийж чаддаг хүмүүст боломжийг нь гаргаж өгөх ёстой. Харамсалтай нь өнөөдрийн эрх баригч намд ийм тогтолцоо, ийм соёл харагдахгүй байна. Миний бодлоор Ардын намын хувьд энэ боломж нь өнгөрсөн гэж харж байна. Ер нь чадаагүй. Яг үнэндээ чадсангүй. Шатахууны асуудлаас болж эдийн засаг маш хүнд байдалд орж байна. Хэрэв хурдан шийдэхгүй бол эдийн засгийн маш том уналт болно. Бараг гамшгийн хэмжээнд хүрнэ. Тиймээс энэ асуудлыг аль болох хурдан шийдэх хэрэгтэй.

 

Э.МӨНХТҮВШИН