Д.БАТЛУТ: “ЗЭВ” СУМНЫ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ, ГУРВАН НЭР ТӨРЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭН ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНД НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛСЭН
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та сайхан наадав уу, наадам сайхан болов уу?
-Сайхан наадлаа. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой гээд олон тэгш ой давхацсан, нар хур тэгширсэн сайхан наадам болж өнгөрлөө. Мөн наадмын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн адууны өдөр”-ийг албан ёсоор тунхаглан баталж, дэлхийн 55 улс орноороо нэгдэн тэмдэглэж буй үетэй давхцаж байгаагаараа онцлог байв. Энэ нь нүүдлийн соёл иргэншлийн амин сүнс болсон монгол адууны соёлыг дэлхийн соёл иргэншлийн оройд залсан түүхэн алхам болж, Монгол Улсад нийт 15 мянган морьтон нэгэн дор эгнэн жагсаж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бахархам үйл явдал боллоо. Өсөж өндийж, хоёронтоо итгэл хүлээж УИХ-д сонгогдсон Орхон аймаг, Эрдэнэт хотын минь 50 жилийн ой тохиож, жишиг тогтоосон өндөр зохион байгуулалттай, хүний эрхийг дээдэлсэн маш сайхан наадам үзэж, бахархаж огшлоо. Дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.
-Хаврын чуулганаар батлагдсан Батлан хамгаалах салбартай холбоотой эрх зүйн ямар шинэчлэл, өөрчлөлтүүд хийгдсэн бэ?
-Хаврын чуулганаар Батлан хамгаалах салбартай холбоотой хууль тогтоомжийн чухал шинэчлэлүүдийг хийж чадлаа. Тухайлбал, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын ашиглаж буй агаарын хөлөг, нислэгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, шаардлагатай тохиолдолд гадаадын мэргэжилтнийг гэрээгээр ажиллуулах эрх зүйн үндсийг тодорхой болгоод байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн барьж, батлууллаа. Уг хуулиар ажил хөдөлмөр эрхэлж буй ахмад настнуудыг тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхдөө зөвхөн "20-иос доошгүй жил шимтгэл төлж, 65 нас хүрсэн" байхыг шаарддаг байсан заалтыг зассан. Ингэснээр Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд насаараа зүтгээд цэргийн тэтгэвэрт гарсан иргэд, хүнд болон хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэд, малчид, олон хүүхэдтэй эхчүүд ажил эрхлэхдээ нас харгалзахгүйгээр тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтоо хийх эрхтэй болж, санхүүгийн ачаалал нь буурч байна.
Цаашид “Цэргийн албаны тухай”, “Орон нутгийн хамгаалалтын тухай”, “Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах багц төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Цэргийн албаны тухай хуулийн шинэчлэлээр алслагдсан бүс нутагт багш, эмч зэрэг эрэлттэй мэргэжлээр гурван жил ажилласан иргэнийг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцох, "Малчин цэрэг" сургалт явуулах, "Оюутан цэрэг"-т хугацаат цэргийн алба хаагчтай адил цол олгох зэрэг олон дэвшилтэт заалтуудыг тусгахаар ажиллаж байна.
-Батлан хамгаалах салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт ямар байгаа вэ. Энэ оны төсвөөр хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт, төсөл юу байна. Ажлын явц ямар байна?
-Батлан хамгаалах салбарын төсөв сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хэдий ч амь тэжээх төдий хэвээр байна. Тухайлбал, 2025 онд 784.5 тэрбум төгрөг, 2026 онд 739.5 тэрбум төгрөгөөр тус тус батлагдсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 0.6 хувиас бүрдэж, тулгамдсан асуудал болсон хэвээр байна. Дэлхийн геополитикийн эгзэгтэй энэ цаг мөчид улс орон бүр Батлан хамгаалах салбараа бэхжүүлэхэд доод тал нь ДНБ-ийхээ 3.5 хувь ба түүнээс дээш байхаар төсөөлж, хуваарилалтаа хийж байгаа. Гэсэн хэдий ч бид боломжит нөөцөө ашиглан бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй явуулж байна. Энэ жил салбарын хэмжээнд ҮБХИС-ын дэргэд Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил эхэлсэн. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, үйлдвэрлэлийн бичил лабораториудыг байгуулах, сумны бэлдэцийн үйлдвэр байгуулах зэрэг Батлан хамгаалахын аж үйлдвэрлэл, инноваци технологийг хөгжүүлэх, зэвсэг техникийг сайжруулахад хөрөнгө оруулалтаа түлхүү оруулж байна.
-Энэ намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Батлан хамгаалах салбарын сайдын хувьд та ирэх оны төсөвт ямар асуудлыг илүү анхаарч тусгуулахаар бэлтгэж байгаа вэ?
-Ирэх оны төсвийн хэлэлцүүлгээр Батлан хамгаалах салбарын төсвийн улсын ДНБ-нд эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгоно. Ялангуяа, Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын дагуу шаардагдах хөрөнгийг суулгах, Агаарын цэргийн тээврийн баазыг бэхжүүлэх болон их засварын зардлыг шийдвэрлүүлэхэд анхаарна. Түүнчлэн Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын сүлжээ, сервер, программ хангамжийн шинэчлэл, Батлан хамгаалахын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, Цэргийн төв эмнэлгийн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд үзүүлэх тусламжийг улсын төсвөөс санхүүжүүлдэг тогтолцоонд бүрэн шилжүүлэх асуудлуудыг төсөвт тусгуулахаар бэлтгэж байна.
-Салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар боломжууд байгаа вэ?
-Улсын төсвөөс гадна гадаад хамтын ажиллагаа болон дотоод үйлдвэрлэл, шинжлэх ухааны ололтод тулгуурлан хөрөнгө оруулалт татах боломжтой. Тухайлбал, БНТУ, БНХКУ болон АНУ-тай хийж буй цэргийн боловсрол, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны хүрээнд шинэ төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлж байна. Мөн НҮБ-ын Энхийг дэмжих оролцох оролцоог нэмэгдүүлж, ажиллагааны бүс нутагт шаардлагатай хүнс, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж экспорт хийх замаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Үүнээс гадна Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн үйл ажиллагааг өргөжүүлэн, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх шинэ менежментийг хэрэгжүүлнэ.
-“Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” цогц реформыг албан ёсоор эхлүүллээ гэж та мэдэгдсэн. Энэ хүрээнд яг ямар, ямар шинэчлэлүүдийг эхлүүлж байгаа вэ. Нөгөөтэйгүүр цэргийн албанд ямар эрсдэл байна гэж үзэж байгаа юм бэ?
-Цэргийн албанд гарч буй дүрмийн бус харилцаа, сахилга батын зөрчил, хүний амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлэх явдал нь салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, нийгэмд олон ургальч үзэл, талцал үүсгэж буй гол эрсдэл мөн. Тиймээс бид "Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье" цогц реформыг дараах үндсэн чиглэлүүдээр эхлүүлээд байна. Үүгээр дүрмийн бус харилцаа үүсгэсэн, эсвэл нуун дарагдуулсан удирдах албан тушаалтны цолыг бууруулж, Зэвсэгт хүчний эгнээгээс бүрмөсөн чөлөөлөхөөр болсон. Орон нутаг дахь ангиудын камерыг ЗХЖШ-аас шууд, ангийн удирдлагаас хараат бусаар 24 цагийн турш хянадаг системд шилжүүлэхээр ЦХИХХЯ-тай хамтран ажиллаж байна.
Камер суурилуулах боломжгүй ариун цэврийн өрөөнүүдэд "Онцгой товчлуур" болон чанга яригчийг, хугацаат цэргүүдэд аюулын дохио илгээгч чип биедээ авч явахаар зохицуулалтуудыг хийж ажиллаж байна. Мөн цэргүүд түүний ар гэр гомдол мэдээллээ нууцлалтайгаар шууд дээд шатанд хүргэх аппликэйшнийг нэвтрүүлэх, урьдчилж мэдэгдэхгүйгээр гэнэтийн шалгалт хийх, Офицер, ахлагч нарыг зөвхөн IQ-гаар бус сэтгэл хөдлөлөө удирдах чадвараар үнэлж, түрэмгий зан авиртай алба хаагчийг цэрэг удирдах албан тушаалд томилохыг хориглосон зэргээр реформыг эхлүүлээд явж байна.
-Сумны үйлдвэр ашиглалтад орсон уу. Үйлдвэрийн хүчин чадал дотоодынхоо хэрэгцээний хэдэн хувийг хангахаар байгаа вэ. Бусад зэр зэвсэг, хувцас хэрэглэлийн үйлдвэрүүдийг барих боломж нь ямар байгаа вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу "Зэв" сумны үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван нэр төрлийн сумыг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн. Одоо "Сумны бэлдэцийн үйлдвэр"-ийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Зэвсэгт хүчинд "Дронт цэрэг"-ийг бий болгох зорилтын хүрээнд "Дроны үйлдвэр"-ийг байгуулахаар ажиллаж байгаа.
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнг нэг тэрбум төгрөгийн лабораториор хангаж, туршилт судалгааны найман төвийн үйл ажиллагааг өргөжүүлснээр цэргийн тусгай автомашин, богино долгионы радио станц, радио электрон хэрэгслийн анхны загваруудыг бүтээн зэвсэглэлд нэвтрүүлж эхлээд байна. Мөн "Батхаан" цэвэр усны үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Цаашид импортын хамаарлыг багасгаж, нэмүү өртөг шингэсэн цэргийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх бодлогыг тууштай баримтална.
-Олон улсын нөхцөл байдал дайнтай, зөрчилдөөнтэй амаргүй байна. Бусад оронд явагдаж байгаа эдгээр зөрчил, мөргөлдөөн, дайнуудаас бид юуг илүү анхаарч, суралцах шаардлагатай гэж та харж байна вэ?
-Дэлхий нийтийн цэрэг, улс төрийн амаргүй нөхцөл байдал бидэнд "Монгол Улсын Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх"-ыг бэхжүүлэх нь хамгийн чухал болохыг харуулж байна. Орчин үеийн зөрчил мөргөлдөөнөөс харахад технологийн давуу тал, дрон, кибер аюулгүй байдал, мэдээллийн дайн болон иргэний-цэргийн хамгаалалтын нэгдмэл байдал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа.
Иймд бид яамд, агентлаг, орон нутгийн дайчилгааны даалгаврыг 20 жилийн дараа шинэчлэн батлуулж, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн баримт бичгийг боловсрууллаа. Түүнчлэн Кибер аюулгүй байдлын цэрэг болон Дронт цэргийн чадавхыг түргэн хугацаанд дээшлүүлж, технологид суурилсан орчин үеийн Зэвсэгт хүчнийг бүрэлдүүлэн бэлтгэхэд анхаарч суралцаж байна.
-Батлан хамгаалах салбарын ойрын ирээдүйн том зорилго юу байх вэ. Ойрын 5-10 жилийн хугацаанд яаж өөрчлөгдөх ёстой гэж та үзэж байна вэ?
-Алсын хараа "Алсын хараа-2050" баримт бичигт туссаны дагуу 2050 он гэхэд өндөр чадамжтай Зэвсэгт хүчинтэй болох төрийн бодлогыг шат дараатай хэрэгжүүлнэ. Ойрын 5-10 жилийн хугацаанд бид "Хүн төвтэй хөгжлийн бодлого"-д суурилсан, технологижсон, мэргэшсэн цэрэгтэй болох ёстой. "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-д 1.6 их наяд төгрөгийн долоон багц төсөл, "2027 оны төлөвлөгөө"-нд 159 тэрбум төгрөгийн найман арга хэмжээ тусгуулаад байна. Салбарын бүтцийн хувьд дээд шатанд хэт төвлөрсөн нүсэр бүтцийг цомхотгож, дунд ба доод шатны нэгжүүдийг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаа, орон сууц, цалин хөлсийг тогтвортой нэмэгдүүлэх иж бүрэн өөрчлөлтийг хийнэ.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин бол эх оронч үзэл, сахилга хариуцлагын томоохон сургууль юм. Хугацаат цэргийн алба хаагчдадаа зөвхөн цэргийн хэрэг заагаад зогсохгүй, Гэр бүл, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай хамтран англи хэл, мэдээллийн технологи, монгол бичиг болон нийгэмд эрэлттэй 10 гаруй мэргэжил эзэмшүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, гагнуурчин, хүнд машин механизмын оператор гэх мэт мэргэжлийг эзэмшүүлж, "Ажилтай, орлоготой монгол хүн" болгон нийгэмд бэлтгэж байна. Мөн бид алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих хүрээнд орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөгийн дэмжлэг, ипотекийн зээлд хүлээлтгүй хамруулах, өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж байгааг хэлэхэд таатай байна. Төрийн төлөө тангараг өргөсөн эрэлхэг дайчид, офицер, ахлагч нарын маань сахилга бат, сэтгэл зүтгэл салбарын маань хөгжлийн гол тулгуур байх болно.
Э.Мөнхтүвшин
