Б.НАЙДАЛААГИЙН ТУСЛАХ Б.ИЧИНХОРЛОО: М.ЭНХЦЭЦЭГ ГИШҮҮН УТСАА ГАРГАЖ БИЧЛЭГ ХИЙЖ ЭХЛЭХЭД КАМЕРЫГ НЬ ДАРЖ, БИЧЛЭГ ХИЙХЭЭ ЗОГСООХЫГ ХҮССЭН, БИ БИЕД НЬ ОГТ ХҮРЭЭГҮЙ
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төрийн ордонд сэтгүүлчид ярилцлага өгч байх үед Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо түүний биед халдсан гэж мэдэгдэв.
Харин Б.Ичинхорлоо гишүүний биед хүрээгүй, зөвхөн утасных нь камерыг дарсан хэмээн тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг сэтгүүлчид ярилцлага өгч байхад Б.Ичинхорлоо ирж, өөрийнх нь ярьж буй мэдээллийг эсэргүүцсэн байна. Улмаар ярилцлагаа дуусгасны дараа бичлэг хийхээр утсаа гаргаж ирэхэд гар руу нь цохисон гэж мэдэгдэв. Тэрээр эл асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд ханджээ. Төрийн тусгай хамгаалалтын газар, тагнуулын байгууллагууд анхаарах ёстой гэв.
М.Энхцэцэг "Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн өмнөх туслахыг Диспетчерийн үндэсний төвийн Эдийн засгийн албаны даргаар томилсон. Цаашид Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар томилох гэж байгаа гэх мэдээлэл салбарынхнаас ирсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч нь цахилгаан, дулааны тариф батлах чиг үүрэгтэй тул мэргэжлийн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Эрчим хүчний яамны хүний нөөцийн бодлого, мэргэжлийн боловсон хүчний томилгоотой холбоотой асуудлаар сайдад асуулга хүргүүлсэн" гэжээ.
Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо "Төрийн ордны коридороор явж байхдаа М.Энхцэцэг гишүүнтэй таарсан. Намайг өндөр албан тушаалд томилох гэж байгаа гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй байсан тул тайлбар хийхээр хандсан. М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн. Би биед нь огт хүрээгүй. Харин УИХ-ын гишүүн яриа өгч байхад нь дундуур нь орж, яриаг нь тасалсандаа үнэхээр уучлалт гуйж байна. Гэхдээ төрийн түшээ хүн байж ингэж илт худал ярьж байгаад нь харамсаж байна" гэх хариултыг өглөө.
