Б.ДЭЛГЭРСАЙХАН САЙДЫН "ӨӨРИЙН МӨНГӨӨР АВСАН" ГЭХ 3000 ВАГОН БА ХОХИРСОН ГЭХ ЛИ СЯОМИНЫ ХАГАС ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Өнгөрөгч өдрүүдэд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон байж болзошгүй асуудал сөхөгдөж, олон нийтийн дунд багагүй эргэлзээ төрүүлээд буй. Тодруулбал, түүний хувьд БНХАУ-ын хөрөнгө оруулагч Ли Сяоминтай анх ажил хэргийн түншлэгч байсан ч 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан хойноо хэлснээсээ буцсан гэх. Улмаар хамтран байгуулсан "Болд төмөр ерөө гол" ХХК-ийн удирдлагыг хууль бусаар өөртөө авч, хөрөнгө оруулагчдад хар тамга даруулан Монгол Улсаас хөөн гаргах ажлыг хийсэн зэрэг мэдээллийг сэтгүүлч С.Будрагчаагийн ИХ ЗАМЫН "ДЭЭРЭМЧИН" нэвтрүүлэгт Ли Сяомин гэгчийн охин Ли Бо ярьсан байдаг.
Манай улсын хувьд эдийн засаг нь уул уурхайн салбараас өндөр хамааралтайн хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт маш чухал. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажилд шамдах болсон. Харамсалтай нь нэг талд төр засгийн бодлого хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байхад нөгөө талд төрийн сайд хүн нь хөрөнгө оруулагчийг хохироосон байж болзошгүй асуудалд нэр холбогдож байгаа нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.
Нэвтрүүлгийн үеэр хөндөгдсөн нэг асуудал бол Б.Дэлгэрсайхан сайд 3000 вагоноо өөрийн мөнгөөр авсан уу гэх асуудал байсан юм. Тодруулбал, сэтгүүлч С.Будрагчаагийн зүгээс "Та 3000 вагоноо ямар хөрөнгөөр авсан юм" гэж асуухад Б.Дэлгэрсайхан "Би өөрийнхөө мөнгөөр авсан юм. Намайг гуйлгачин гэж бодоо юу" гэж хариулдаг.
Үүнээс үүдэж яг ямар учиртай 3000 вагон яригдаад байна вэ гэх асуудал урган гарав
Нэвтрүүлэгт дурдагдсанаар хөрөнгө оруулагч Ли Сяомин болон Б.Дэлгэрсайхан нарын хамтарч байсан ажил бол Болд төмөр, ерөө гол уурхай болон түүнийг дагасан бүтээн байгуулалт. Ийнхүү ажил ид өрнөж байх үед төмөр зам тавих шийдвэрийг гаргаж, 129 км төмөр замыг ашиглалтад оруулжээ.
Энэ талаар Ли Сяомины охин "Уурхайн бүсээс Дулаанхаан хүртэл авто замаар тээвэр хийх өртөг маш өндөр, тээвэрлэлтийн хүчин чадал ч хүрэлцээгүй байв. Ялангуяа жил бүрийн өвөл их хэмжээний цас орж, зам хаагддаг байсан нь төмрийн хүдрийн нийлүүлэлтийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг байлаа. Тиймээс хоёр тал хамтран зөвлөлдсөний үндсэн дээр өөрсдийн төмөр замыг барихаар шийдвэрлэсэн. Уг төмөр замын үндсэн шугам 89 км, дэлгэмэл урт нь 129 км. Мөн Дулаанхаан дахь төмөр замын төгсгөлд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах зангилаа өртөө, ерөө голын төмөр замын төв өртөө болон төмөр замын засварын нэг үйлдвэрийг байгуулсан. Төмөр замын сүлжээтэй холбосон нийт 3.1 км холболтын шугамыг барьсан юм" гэж ярьжээ.
Ингэхдээ дөрвөн жилийн дотор гурван зөрлөг бүхий эл төмөр замыг тавьж, ОХУ-аас 1000 вагон, БНХАУ-аас 2007 вагоныг нэмэлтээр оруулж ирж худалдан авах ажилд Ли Сяомин 460 сая ам.долларыг зарцуулсан гэж нэвтрүүлэгт дурдсан юм. Гэвч үүний дараагаар үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор "2014 оноос өнөөг хүртэл уурхайн олборлолт, үйл ажиллагааны орлогоос хятадын тал болон дотоодын дөрвөн санхүүгийн байгууллага зээлийн үндсэн төлбөр, хүүгээс нэг ч төлбөр төлөөгүй. Удаа дараа шаардлага хүргүүлсэн ч янз бүрийн шалтаг хэлж, хариуцлагаас зугтсан" гэж Ли Сяомины охин ярьжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Дэлгэрсайхан сайд хөрөнгө оруулагч Ли Сяоминыхоо хагас тэрбумаар худалдан авсан 3000 вагоныг өөрийн мөнгөөр авсан гэж яриад байна уу гэх асуулт урган гарч, хардлага үүсгэж байна
