Б.НАЙДАЛАА: МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХУВЬД ХАМГИЙН ХҮНД ӨВӨЛ БОЛНО
Эрчим хүчний сайд Б.Найдалаа цаг үеийн асуудлаар тодруулга өглөө.
Ингэхдээ "Бодитой үнэнийг нь эртхэн хэлсэн нь дээр. Монголын эрчим хүчний салбарын хувьд хамгийн хүнд өвөл болно. Яагаад гэвэл энгийн үеийнхээс 7-8 хувиар хэрэглээ өсдөг. Бид нарын нэмж шинээр ашиглалтад оруулах эх үүсвэр бага. Тиймээс эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэлтэй.
Хэдэн арга бий.
- Доголдол гаргахгүйн тулд засвар үйлчилгээг цаг алдалгүй хийх.
- Таван газар сэргээгдэх нарны станцыг нээлттэй зарлаж, өвлөөс өмнө ашиглалтад оруулах.
Ингэж чадвал бид өвөлжилтийн бэлтгэлийг давна. Цаашид тохируулгын чадавхыг нэмэх юм.
Мөн биднээс шалтгаалахгүй хүчин зүйл нөлөөлж байна. Олон улсын дайны нөхцөл байдалтай холбоотойгоор шатахуун, бензиний үнийн хэлбэлзэл эрчим хүчний салбарт нөлөөлнө. Өрөнд дарамт учруулж байгаа. Салбарын алдагдал, өр нэлээд хуримтлагдсан том дүн байгаа. Шийдэхийн тулд хоёр аргаар ажиллана.
- Иргэдэд, ААН-д дарамтгүйгээр үнэ тарифыг зохистой түвшинд хүргэнэ, шууд үнэ нэмнэ гэж гуйвуулж болохгүй.
- Нөгөө талаас эрчим хүчний салбарын хариуцаж хийх ажил бол өртөг бууруулах. Хулгай, үр ашиггүй зардлуудыг бууруулж байж өртөг буурна.
Урт хугацаандаа, гурван жилдээ багтан эрчим хүчний салбарын үнэ тариф болон худалдаж, худалдан авч байгаа аль аль талдаа дарамтгүй хэвийн түвшинд оруулах бодлого бий" гэлээ.
