Б.ДАШПҮРЭВ: ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙГООР ХУВААРИЛЖ БҮТЭЭГДЭХҮҮН ОЛГОЖ БАЙГАА НЬ НӨӨЦ БАГАССАНТАЙ ХОЛБООТОЙ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Урд шөнө 49 вагон цистерн АИ92 автобензин оруулж ирж, Дархан өртөө болон Улаанбаатар хотод буусан. Түгээлтийг 24 цагийн туршид шуурхай хийнэ. Замд 20 вагон цистерн шатахуун авчирч байгаа. Гаалийн бүрдүүлэлтийг өнөөдөрт нь шуурхай хийж, яаралтай буулгана.
Улаанбаатарт 139 ШТС-д 1.5 сая тонныг түгээсэн. Орон нутгийн 70 ШТС-д 169 тонн бүтээгдэхүүн ачигдсан. Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хуваарилж бүтээгдэхүүн олгож байгаа нь нөөц багасаж доголдол бий болсонтой холбоотой. Ийм үед олон зуун автомашин дугаарлавал бензин авах хугацаа нь 3-4 цаг болж, иргэдэд илүү хүндрэлтэй нөхцөл үүсэх болов уу гэж энэ зохицуулалтыг 15 хоногийн хугацаанд үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.
ОХУ, БНХАУ, БНСУ-аас шатахуун авах захиалгууд баталгаажиж, ачилт хийж эхэлсэн. Захиалсан бүтээгдэхүүн орж ирэх хүртэл хугацаанд доголдсон нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх нь бидний эхний шаардлага болж байна.
БНХАУ-аас 3000 тонн бүтээгдэхүүн авахаар тохиролцсоноос эхний 1000 тонн нь орж ирсэн. Араас нь тус бүр 2000 тонн дизель түлш, онгоцны түлш ачигдахад бэлэн болж байна.
