БАГШИЙН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛЭЭС ҮҮДЭН 2027 ОНЫ БОЛОВСРОЛЫН ТӨСӨВ ТӨСВИЙН ХЯЗГААРЫГ ДАВСАН

GNNGNN
Aug 4, 2026  
 0
БАГШИЙН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛЭЭС ҮҮДЭН 2027 ОНЫ БОЛОВСРОЛЫН ТӨСӨВ ТӨСВИЙН ХЯЗГААРЫГ ДАВСАН

Боловсролын салбарын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2027 оны салбарын төсвийн талаарх мэдээлэл хүргэлээ. 

Тэрбээр "Боловсролын салбарын төсвийг өмнө нь зөвхөн төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлж ирсэн ч цаашид энэ нь боломжгүй болж байна. 

Өнөөдрийн байдлаар Боловсролын салбарын төсөвт зардал нь нийт урсгал зардлын 22 хувийг эзэлж байгаа буюу 100 төгрөгийн 22-25 төгрөгийг боловсролд зарж байна. Мөн ДНБ-ий 5-7 хувьд хүрч байна. Үүнээс цааш төсвийн эх үүсвэр хумигдвал байгаа тул төр хувийн хэвшлийн түншлэл, орон нутгийн төсөвтэй хамтарч хэрэгжүүлэх нь чухал гэж харж байна. 

Энэ хүрээнд  Хөгжлийн банкнаас компьютерыг санхүүгийн түрээсээр авч байна. 

Улаанбаатарт байгаа 3000-аас дээш хүүхэдтэй байгаа 38 сургуулиудыг шинэчлэн зохион байгуулах, мөн өргөтгөл хийх 44 сургуулиудад Дэлхийн банкны санхүүжилтийг олгоно. Ингэхдээ Боловсролын яамыг биш, сургууль барих компаниудыг санхүүжүүлнэ. Энэ мэт шинэ хэлбэрүүдийг 2027 оны улсын төсөвт хэрэгжүүлэхээр санхүүгийн түрээсийн зардлыг тооцож байгаа нь салбарын хувьд томоохон шинэчлэлтийн нэг юм. 

Өнөөдрийн танилцуулж буй төсвийн дүн бол төсвийн хязгаар давсан төсөв. Төсвийн ерөнхийлөн захирагчид /сайдад/ 5,6 их наяд төгрөгийн хязгаар өгсөн ч, хүүхдийн тоо, сум дундын ахлах сургууль, өндөр ачаалалтай сургуулиудын зохион байгуулалт, багш нарын цалингийн нэмэгдэлтэй  холбоотойгоор 2,5 их наяд төгрөгөөр хязгаарыг давж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой" гэлээ.

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 2400 гаруй салбар нэгжээс санал авч нэгтгэхэд 9,5 их наядын хэрэгцээ байгаа ч бодлогын зориулалтаар эрэмбэлж, нэгтгэх шаардлагатай байгааг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэллээ.