АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРЛОГООРОО ХӨВСГӨЛ АЙМАГ ТЭРГҮҮЛДЭГ БАЙНА

GNNGNN
Mar 5, 2024  
Mar 5, 2024 - 05:25
 0
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРЛОГООРОО ХӨВСГӨЛ АЙМАГ ТЭРГҮҮЛДЭГ БАЙНА

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд 23 дэх жилдээ амжилтай зохион байгууллаа. Өнгөрсөн 2023 оноос Хөвсгөл аймгийн Тамгын газар хувийн хэвшил, нутгийн зөвлөлтэйгээ хамтраад Хөвсгөлд зочлох жил гэсэн нэртэй аяныг эхлүүлсэн. Үүний хүрээнд 11 арга хэмжээ хийсний нэг нь мөсний баяр ажээ. Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын жуулчид болон зочдын тоо жилээс жилд нэмэгдэж, мөсний баяр өргөжин тэлж байна гэдгийг албаныхан онцлов. Энэ жил 50 гаруй мянган гадны жуулчин зочид мөсний баярыг үзэж сонирхжээ. Өнгөрсөн жил 20 мянган жуулчин ирсэн бол өнөө жил 30 мянгаар нэмэгджээ. Ирэх жилүүдэд байгалийн аялал жуулчлал гэхээсээ илүүтэй түүх соёлын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлнэ гэдгийг аймгийн Засаг даргын зөвлөх Х.Эрдэнэбаатар онцлов. 

Харин аялал жуулчлалын орлогоороо Хөвсгөл аймаг бусад нутгаа тэргүүлдэг ажээ. 

Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна.

Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог юм.