АВТОБУСНЫ ЖОЛООЧИЙН ЦАЛИНГ 3-3.5 САЯ БОЛГОВ
Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатар хот сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нийтийн тээврийн салбартаа дорвитой шинэчлэл хийгээгүй. Харин өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн анх удаа олон тоогоор буюу 600 автобус шинээр худалдан авч, үйлчилгээнд гаргаад буй. Гэвч 600 автобусыг үйлчилгээнд гаргах болоход хүний нөөцийн асуудал тулгамдаад байсан. Иймд В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулан, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг нийслэлийн удирдлагууд гаргасан.
Тэгвэл тус сургалтад нийт 1807 иргэн бүртгүүлснээс эхний ээлжид 400 гаруй нь хамрагдаж, одоогийн байдлаар 129 нь сургалтаа дүүргэн, ажилдаа орж эхэлжээ. Түүнчлэн 1.5-2.5 сая байсан автобусны жолоочийн цалинг 3-3.5 сая болгон нэмэгдүүлсэн аж.
Сургалтын хүрээнд мэргэшлийн мэдлэг, дадлага олгохоос гадна нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, дүрэмт хувцас өмсөх, тамхи татахгүй байх, утсаар ярихгүй байх зэрэг шаардлагыг жолооч нарт тавьжээ. Мөн жолооч нар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн 8 цагаар, хоёр ээлжээр ажиллаж байна.
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг энэ он дуустал зохион байгуулж, бүртгүүлсэн нийт иргэдийг бүрэн хамруулах аж.