АВТОБУСНЫ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООН ДАРГААР Ж.БАТ-ЭРДЭНЭ ТОМИЛОГДЛОО
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн 100 ширхэг ногоон автобус чанарын болоод худалдан авах ажиллагааны хувьд асуудал дагуулсан. Үүнтэй холбогдуулан хянан шалгах түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг өнөөдөр /2024.03.19/ томиллоо. Тэрбээр сонгогдсоныхоо дараа "Энэ хэрэгтэй холбоотой бүх хүмүүсийг сонсголд дуудна. Гол зорилго нь ард, иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх юм" гэдгийг онцлоод байна.
Эргэн сануулбал, тендерт шалгарсан “Тэнүүн-Огоо” ХХК нь БНСУ-ын “Daewoo” үйлдвэрээс хуучин автобус оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгуулж байгаа. Энэ хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сард ногоон автобусны хэргээр 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 27 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа.
Хамгийн сүүлийн мэдээллээр АТГ “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон.
Тодруулбал, хохирлын хэмжээг 134,5 тэрбум төгрөг гэж тогтоосон юм.
Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах чиглэл өгсөн. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн байдаг.
Тодруулбал, түр хороонд олонхын төлөөллөөс П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Х.Ганхуяг нар багтсан бол цөөнхийн төлөөлөөс Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар багтсан юм. Тэдний нэгээс Хянан шалгах түр хороог даргалагчийг томилох асуудал яригдсан юм.