АН-ЫН БҮЛЭГ УИХ-ЫН ДАРГЫГ СОНГОХ АСУУДЛААР 14.00 ЦАГ ХҮРТЭЛ ЗАВСАРЛАГА АВЛАА
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг сонголоо. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш сар гаруй хугацаанд шинэ даргыг томилоогүй байсан. МАН Их хурлаа хийж, намын шинэ даргаа сонгосон. Ингээд өнөөдөр УЗ, УИХ дахь МАН-ын бүлэг нь хуралдаж намын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн юм.
УИХ-ын даргыг сонгоход байнгын хороогоор хэлэлцдэггүй зөвхөн чуулганаар хэлэлцэн санал хураалт явуулдаг. УИХ дахь МАН-ын намаас Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгаа саналыг бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Аль нэг намын дарга парламентын дарга байх нь зарчмын хувьд болон ёс зүйн хувьд зохимжгүй гэдэг байр суурийг АН-ын бүлэг илэрхийлсэн. Үүнийг бид хэн нэгэн хүнд зориулж яриагүй. Өнгөрсөн парламентын үед ч энэ асуудлыг ярьж байсан. Мөн УИХ-ын өмнөх дарга Д.Амарбаясгаланг намын даргад нэр дэвшихэд ч ярьж байсан. Өмнө нь З.Энхболд, М.Энхболд нар намын дарга байхдаа парламентын дарга байсан. Энэ нь буруу жишиг байсныг бид бүгд мэдэж байгаа. Парламент төв байр суурийг илэрхийлж байдаг танхим. Үүнийг намын дарга удирдах нь эрх ашигтай. АН-ын бүлэг энэ асуудлаар дахин ярилцах хэрэгтэй байна. Тиймээс энэ асуудлаар 14.00 цаг хүртэл завсарлага өгөхийг хүсэж байна.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: УИХ дахь нам эвслийн бүлэг завсарлага авах эрхтэй. АН-ын бүлэгт 14.00 цаг хүртэл завсарлага өгье.
