"ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЭЖ БУЙ С.НАРАНГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ

GNNGNN
Nov 20, 2025  
 0
"ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЭЖ БУЙ С.НАРАНГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил “Монгол бахархлын өдөр” маргааш /2025.11.21/ тохиож байгаа бөгөөд "Чингис хаан” одонг Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээхээр болжээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А. Үйлстөгөлдөр мэдээлэл хийхдээ “Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх их үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, Монгол Улсад хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Их эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг судлахад олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнахаар шийдвэрлэснийг уламжилж байна. Академич С.Нарангэрэл нь МУИС-ийг 1975 онд төгссөн цагаасаа хойш төрөлх сургуульдаа 50 дахь жилдээ багшилж байна” гэсэн юм.

Тэгвэл 18 дахь "Чингис хаан" одонг хүртэх гэж буй С.Нарангэрэл гэж хэн бэ

Содовсүрэнгийн Нарангэрэл 1953 оны тавдугаар сарын 30-нд Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой, Монголын хуульч, улс төрч, нийгмийн зүтэлтэн.

1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн Зочин Профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд Монгол Улсын Их Сургууль-ийн Эмирет Профессор цол хүртсэн.

Боловсрол

1961-1971 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 6-р дунд сургууль

1971-1975 онд МУИС-ийн Хуулийн салбар

1985-1988 онд ЗХУ-ын Москва хотноо Бүх Холбоотын дээд сургуулийн аспирантур

Ажилласан байдал

1975-1985 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш

1985-1988 онд Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч

1988-1990 онд Улсын Ерөнхий прокурорын туслах

1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан

1991-1992 онд Улсын Бага хурлын дэргэдэх төр, нийгэм судлалын Академийн дэд захирал

1992-1996 онд УИХ-ын гишүүн

1996-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор

1997-2000 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч

1999-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал

2010 оноос хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор

2012 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга.

Түүний аав Б.Содовсүрэн нь 16 настай байхдаа Улаанбаатар хотын Шүүхийн нарийн бичгийн дарга, 18 насандаа Улаанбаатар хотын Шүүхийн орлогч дарга, 19 настай байхдаа Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан түүхтэй аж.

“Чингис хаан” одонг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас хамгийн анх хүртсэн бөгөөд энэ жил 18 дахь удаагаа олгох гэж буй юм.