АХ, ДҮҮ Т.НЯМДАВАА НАР ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙГ ТОЙРСОН БҮХ ГАЗРЫГ ЗАРЖ ДУУСЛАА
Дэлхийд ганцхан монгол наадмаа төв цэнгэлдэх хүрээлэн гэх нэгхэн буланд тэмдэглэх болоод удаж байна. Учир нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар хувьчлалд шилжиж өдгөө овог нэгт Т.Нямдаваа нарын мэдэлд оржээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг Т.Нямдаваа гэх иргэн хувьчилж авснаас хойш энэ объект нийслэлийн хяналтаас гарсан гэж хэлэхэд болно. Нийслэлийн өмчид байхдаа 31 га газартай байсан. Харин иргэн Т.Нямдаваагийн мэдэлд очоод 14 га болон багссан.
Энэ асуудлаар хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын ээлжит хуралдаанаар онцолсон юм.
Тэрээр "Би Хотын дарга болоод хэд, хэдэн аж, ахуй нэгжийг үнэхээр дийлдэггүй. Олон нийтийн дэмжлэгийг авмаар байна. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 8 га газар л үлдсэн байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн одоогийн удирдлагуудыг ирж уулзаж, өмчлөлөө шилжүүлж өг гэж хэлсэн. Өмчийн харилцааны газраас бичиг явуулсан.
2200 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс, наадмын баяр руу ордог есөн хөлт туг, шарга морьдоо байрлуулах газаргүй болсон.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэд 30 га газар зарсан мөнгөнөөсөө нийслэлд хэдийг өгсөн юм. Өмчлөл дээр нь бид жил бүр хөрөнгө оруулсан. Тэр эзэд хэдэн төгрөг оруулсан юм. Үүнийхээ асуудлыг шийдэж чадахгүй бол бид өмчлөлийг буцааж 100 хувь өөрсдийн өмчид авна" гэв.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг хувьчилсан ч газрыг нь зөвхөн спортын зориулалтаар түрээсэлж, ашиглах ёстой гэж заасан байдаг байна. Гэвч сүүлийн хэдхэн жил эрчимтэйгээр орон сууцууд сүндэрлэж, тойрон хүрээлсэн үйлчилгээний газрууд бий болсон.
Улмаар баяр наадмаар автомашины зогсоол байтугай явган хүний түгжрэл бий болж, эргэн тойрон Хятадын бараа, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй хүнс гээд гадны жуулчдаас ичмээр дүр төрх бий болдог.
Нийслэлд хувьчлалд шилжсэн нэрээр хэн нэг хувь хүний халаасыг зузаалж, эргэн тойрны газрыг нь дамлан зарж байгаа тохиолдол маш олон.
Эргэн тойронд нь газар авч орон сууц сүндэрлүүлсэн хүмүүсийн нэрэнд эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Даян аварга А.Сүхбат, Хотын дарга асан Ц.Батбаяр нар ч багтдаг.
Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлээс жил бүр урсгал засвар хийдэг. 2008 оноос хойш урсгал засвар, тохижилтод 4.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ төсөв хувь эзэмшилд тооцогдоогүй. Нийслэлийн төсвөөс 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчхээд байхад хувь эзэмшил өсөхгүй. Харин хувийн компанийн эзэмшил их хэрнээ ногдол ашиг олигтой өгөхгүй, байгаа газраа зараад ашиг орлого олдог.
Одоо Төв цэнгэлдэхийн хажууд барьж буй барилга нь цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшдэг иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн Мөнхсан компанийнх. Өөрсдөө газраа хувьчилж аваад барилга барьдаг байна.
Энэ талаар өмнөх хотын дарга Д.Сумъяабазар: "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанид шалгалт оруулна, төв цэнгэлдэх хүрээлэнг газартай, юутай ийтэйг нь 49/50 хувиар менежментийн хувьчлалаар худалдаж авсан. Эргэн тойрон байгаа бүх газрыг зарсан. Тэр газрыг зарсан дүнгээс 49 хувь нь нийслэлд огт орж ирээгүй. Хувийн компаниудад хэдэн тэрбумаар газар зарсан бэ. Үүний 49 хувийг нэхэмжил. Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй гэж мэдэгдэж байсан удаатай.
Үе үеийн хотын дарга нарын дийлдэггүй нэг асуудал бол Төв цэнгэлдэхийн газар буюу хоёр Т.Нямдаваа болоод байна. Төрт ёсныхоо түүх соёлыг харуулдаг үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх алга дарам газаргүй болж цаашлаад авлига, албан тушаалын бугшсан олон хулгайгаас болж төв цэнгэлдэх хүрээлэнд Нийслэл мөнгөө төлж баяр наадам болоод бусад үйл ажиллагаагаа зохион байгуулахад тулаад байна...