А.АНАНД ШАНХАЙН БАГИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

GNNGNN
May 27, 2024  
 0
А.АНАНД ШАНХАЙН БАГИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

Монголын 3х3 шигшээ багийн тоглогч А.Ананд шинэ улиралд Хятадын “Шанхай Суртай” багийн бүрэлдэхүүнд нэгджээ. Тэрбээр Монголын шигшээ багийг өнгөрсөн жил Азийн цомд түрүүлэхэд, энэ жил мөнхүү тэмцээнээс хүрэл медаль хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь олимпын эрхээ авч чадаагүй. А.Ананд өмнө нь “Сансар” багийн бүрэлдэхүүнд тоглож байсан бол цаашид Шанхайн бүрэлдэхүүнд багтах аж. Эл баг Монголоос гадна сагсан бөмбөгийн хүчирхэг гүрнүүд болох Серби, Америкийн тамирчдаар хүч зузаатгажээ.

2018 оны Азийн наадмаар шигшээ багт анх дуудагдсан А.Ананд үүнээс жилийн дараагаас 3х3-ын төрлөөр хичээллэхээр шийдэж, шигшээ багийн тоглогч болов. Мөн хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар тодруулдаг сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2022 оны дэлхийн шилдэг тамирчнаар нэрлэгдсэн.

А.Анандад Шанхайн баг өнгөрсөн хавар санал тавьсан ч тэрбээр олимпын эрхийн тэмцээний үр дүнгээс шалтгаалан хариугаа өгөхөөр тохирсон аж. Тэгвэл олимпын наадамд оролцох боломжгүй болсон тэрбээр Шанхайн багийн саналыг хүлээн авснаар Монголоос 3х3 төрлөөр гадаадын багт тоглохоор болсон хоёр дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө “Завхан Сайнскор”-ын Э.Цэрэнбаатар легионероор тоглож байв.