39 ДЭХ УДААГИЙН “НОМЫН БАЯР”-ЫГ ТЭМДЭГЛЭНЭ
Энэ жилийн хаврын "Номын баяр"-ыг тавдугаар сарын 15-17-нд зохион байгуулахаар болжээ.
“Номын баяр” жилээс жилд өргөжин тэлж, энэхүү үйл ажиллагаанд дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирдэг бол 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаачид тогтмол оролцдог байна. 2018 оны “Номын баяр”-аас эхлэн “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа өргөжүүлжээ.
Хаврын “Номын баяр”-аар 2026-2027 оны хичээлийн жилд “Сэтгэлийг тэжээх 50 ном”-ын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулахаар зэхсэн байна. Энэ нь бусдыг хайрлах, хүндлэх, ойлгох ухааныг мэдрүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн “Номын баяр”-аар Ерөнхий боловсролын сургуулиудад унших 50 ном санал болгохоос гадна 2025-2026 оны уншлагын нэг жилийн ажлаа дүгнэх аж. Уг ажил нь хүүхдүүдийг номд дуртай, хэвшилтэй болгох зорилготой. Энэ жилийн тухайд “Байгаль экологийн тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааныг зарласан бөгөөд байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүн ба байгалийн зохистой харилцааг төлөвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.
Уншлагын уралдаанаар дамжуулан уншигч олон нийтийн байгальд хандах зөв ухамсар, ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, байгалийн баялаг, унаган соёлоо хайрлан хамгаалах сэдлийг өрнүүлэх, мөн экологийн чиглэлээрх бүтээлч санаа, шинэ шийдлийг дэмжих, нөгөөтээгүүр хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, нийтийн уншлагыг дэмжих, ном сурталчлах, ном хэвлэлийн салбарыг өргөн хүрээнд дэмжихэд “Байгаль экологийн тухай 50 ном” уралдааны зорилтууд чиглэжээ. Тус уралдааны шилдэг бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн сонирхуулж, хамгийн сайн зохион байгуулалттай, идэвх санаачилгатай оролцсон ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрэмжит “Номын сайн нөхөр” цомоор шагнан урамшуулдаг аж.
