2026 ОНЫ ЭЕШ-Д 49 МЯНГАН ШАЛГУУЛАГЧ БҮРТГҮҮЛЖЭЭ
2026 оны "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна.
Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна. Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлжээ.
Их, дээд сургуульд элсэх эрхийн төлөөх уг шалгалт зургаадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхэлнэ. Тус өдөр мөн Англи хэлний шалгалтыг зохион байгуулах юм.
Шалгалтын хугацааны тухайд Түүх, Англи хэл, Газар зүй, Нийгэм судлал, Биологи, Орос хэл, Монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол Хими, Математик, Физикийн шалгалт 100 минут үргэлжилнэ.
Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ сануулав.
Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.
