2025 ОНД СОЁЛЫН САЙД Ч.НОМИНД 598 ТЭРБУМ ТӨСӨВЛӨГДСӨН БОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНД 315 ТЭРБУМ ТӨГРӨГ ОНООГДЖЭЭ
УИХ-ын байнгын хороод болон намрын чуулганаар ирэх 2025 оны төсвийн талаар хэлэлцүүлэг өрнөж буй. Тэгвэл төсвийг хэт үрэлгэн байна гэж зарим УИХ-ын Гишүүд шүгэл үлээж олны анхаарлыг сүүлийн үед татаж байна. Тодруулбал, Соёлын сайд Ч.Номин өсвөр үеийнхэнд 18.3 тэрбум ваучер хэлбэрээр тараах хуулийн төслийг санаачилсан. Үүнийг нь УИХ-ын Гишүүн Ж.Баярмаа “Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байна. Эцэг эхнийх нь ажил орлогыг нэмэгдүүлж, ажлын байртай болгоё. Өөрсдөө орлого олоод, мөнгөө төлөөд үзвэр үйлчилгээ авах ажлыг хийе. Дөнгөж 18 нас хүрэх гэж байгаа хүүхдүүдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, соёлжуулах биш улам соёлгүй болгож байна. Өсвөр насныхныг гэгээрүүлэх нэрийн дор сонгуульд бэлдэх ажиллагааг болих хэрэгтэй. Төсвийг хэмнэнэ, үр ашигтай зарцуулна гэж ярьчхаад цагаа тулахаар үнэгүй ваучер тараана гэж байна. 18.3 тэрбум төгрөг бага мөнгө биш. Энэ мөнгийг цэцэрлэг, сургууль, хавдрын эмнэлэгтээ зарцуулъя. Жил болгон 7000 хүн хавдраар өвдөж байна. Гэтэл хавдрын эмнэлэг байхгүй. Энэ 18.3 төгрөгийг эмнэлэгт зориулъя" гэж хэлсэн. Ийнхүү анх удаа улсын төсөвт иргэд өндөр анхаарал хандуулж эхэллээ. Товчхондоо иргэд болон шүгэл үлээсэн УИХ-ын Гишүүд чухал салбартаа илүү их анхаарал хандуулж, төсөв батлах ёстой гэж үзэж байна.
Тэгвэл 2025 оны улсын төсвийн талаар мэдээллийг хүргэе. Нийт төсвийг ерөнхийлөн захирах 39 хүнд оноогдох ба үүнээс 19 сайд, 17 дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор зэрэг багтана.
Төсвийг ерөнхийлөн захирах 39 хүнээс хамгийн өндөр төсөвтэй 16 сайд, дарга нар:
1. Сангийн сайд Б.Жавхлан-5.7 их наяд
2. Боловсролын сайд П.Наранбаяр-4.5 их наяд
3. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан- 4.5 их наяд
4. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан- 1.8 их наяд
5. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан-1.6 их наяд
6. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл-1.8 их наяд
7. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт- 833 тэрбум
8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр- 822 тэрбум
9. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин- 598 тэрбум
10. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь- 489 тэрбум
11. Монгол Улсын Ерөнхий сайд-438 тэрбум
12. Монгол Улсын Шадар сайд- 412 тэрбум
13. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга-361 тэрбум
14. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд-337 тэрбум
15. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга- 319 тэрбум
16. Эрчим хүчний сайд- 315 тэрбум
Түүнчлэн Эрчим хүчний реформ хийж цахилгаан, дулааны үнийг нэмж иргэдэд хүргэх ажилд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ханцуй шамлан орсон. Эрчим хүчний станцууд ачааллаа дийлэхээ больж улсаараа тоггүй болох хүндхэн нөхцөлд хүрч болзошгүй гэж Эрчим хүчний сайд болон хэвлэлүүд анхааруулсаар байгаа. Харин ирэх оны улсын төсөвт Эрчим хүчний сайдад 315 тэрбум төсөвлөгдөж, жагсаалтын 16 дугаарт эрэмбэлэгджээ. Гэтэл 2025 онд Соёлын сайд Ч.Номинд 598 тэрбум төсөвлөгдсөн байна. Төсөв тооцоолохдоо УИХ-ын Гишүүд Соёлын салбарыг Эрчим хүчний салбараас чухалд тооцсон бололтой.