ШОНХОР БАРИХААР ЯВЖ БАЙСАН АРАБЫН ТАВАН ИРГЭН, МОНГОЛЫН НЭГ ОРЧУУЛАГЧИЙГ СААТУУЛЖЭЭ
Дундговь аймгийн Засаг даргаас 2026 онд соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг аймгийн хэмжээнд бариулахгүй гэсэн чиглэлийн дагуу энэ сарын 8-9-ний хооронд малчдаас ирсэн долоон дуудлага, мэдээллийн дагуу хэсгийн төлөөлөгч А.Дэчинцог, Хараат багийн Засаг дарга Г.Жаргалмаа нар Их бага цэгээн, Нүдэнгийн ухаа, Богтотын гол, Улаан нуур, Өндөр сүүж, Хадат ам, Адгийн шанд, Номт, Баруун гурав, Сүмийн дөрвөлж, Ар могой, Өвөр могой гэх газруудаар нийт 440 км явж шонхор барих 5 араб, 1 монгол орчуулагчийг саатуулж, авто машинд үзлэг хийжээ.
Шалгалтаар 30 гаруй тооны тагтаа барьсан байсныг илрүүлж, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгч торгуулийн арга хэмжээг авч, барьсан тагтааг буцаан тавиулсан байна.
