2011 ОНООС ХОЙШ 1,200 ГАРУЙ МОНГОЛ ИРГЭН “НОГООН КАРТ”-НЫ СУГАЛААГААР АНУ-Д ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ ЦАГААЧИЛЖЭЭ
Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийн 2026 оны бүртгэл 2024 оны аравдугаар сарын 2-ноос 11-р сарын 5-ны өдрүүдэд үргэлжилнэ.
“Ногоон картын сугалаа” хэмээн монголчуудын нэрлэдэг энэхүү хөтөлбөрөөс жил бүр 50,000 хүртэлх цагаачлалын визийг шаардлага хангасан хүмүүст олгодог.
Бүртгэлийн ерөнхий шаардлага нь:
-
АНУ-д цагаачлагчдын тоо бага байгаа улсын иргэн байх;
-
Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсвэл шаардлагад нийцэх ажлын туршлагатай байх шалгуур болно.
Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр нь Монгол Улсын иргэдэд АНУ-д цагаачлах боломжийг олгосоор ирсэн бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр дунджаар 11,000 орчим Монгол Улсын иргэн, 16,800 орчим гэр бүлийн гишүүдтэйгээ хамт сугалаанд оролцсон байна. Харин 2011 оноос хойш 1,200 гаруй иргэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д хууль ёсны дагуу цагаачилсан хэмээн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас мэдээллээ. Түүнчлэн “ногоон карт”-нд бүртгүүлэх 10 зөвлөгөөг хүргэжээ.
2026 оны Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрт бүртгүүлэх 10 зөвлөгөө:
-
Та state.gov/dv цахим хуудас дахь зааварчилгаатай танилцаж өөрийгөө шаардлага хангах эсэхээ шалгана уу. Шаардлага хангаагүй бол БҮҮ бүртгүүлээрэй.
-
ЗӨВХӨН dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлнэ үү. Энэ нь бүртгэлд хамрагдах цор ганц зөв арга тул бусад хуурамч цахим хуудас болон луйврын үйл ажиллагаанд хууртагдахаас болгоомжилно уу.
-
Хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар ч ХУРААМЖГҮЙ. Таныг мөнгө төлбөл сонгогдох магадлалыг тань дээшлүүлнэ, эсвэл бүртгэлийн маягт үнэгүй бөглөж өгнө гэх хүмүүсээс болгоомжилно уу.
-
Хөтөлбөрт бүртгүүлэх маягтаа өөрөө бөглөж дуусгаарай. Учир нь зарим виз зөвлөгөөний төвүүд бүртгэлийн баталгаажуулалтын дугаарыг нууцаар хадгалж тухайн хүн хөтөлбөрт сонгогдсон тохиолдолд их хэмжээний мөнгө нэхэмжлэх, эсвэл хууль бус үйлдлүүдийг шаардах тохиолдол гардаг.
-
Бүртгэлд зөвхөн сүүлийн зургаан сарын дотор авхуулсан зураг ашиглана уу. Хуучин зураг ашиглавал хөтөлбөрөөс хасагдана.
-
Нэг хүн НЭГ л бүртгэл үүсгэх эрхтэй. Хөтөлбөр зарласан тухайн жилд үндсэн бүртгүүлэгч хоёроос дээш удаа бүртгэлд оролцвол хасагдана.
-
Бүртгэлдээ хууль ёсны эхнэр/нөхөр болон 21-ээс доош насны гэрлээгүй бүх хүүхдүүдээ тантай хамт цагаачлах эсэхээс үл хамааран оруулах шаардлагатай. Та хөтөлбөрт сонгогдсон хэдий ч таны бүртгэлд алдаатай эсвэл дутуу мэдээлэл байвал хөтөлбөрөөс хасагдахыг анхаарна уу.
-
Өөрийн бүртгэлийн баталгаажуулалтын дугаараа хадгалж аваарай. 2025 оны 5-р сард та зөвхөн энэ дугаараар өөрийгөө сонгогдсон эсэхийг шалгах боломжтой.
-
Сонгон шалгаруулалт 2025 оны 5-р сард явагдана. Та сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Таныг хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилан болохыг анхаарна уу. АНУ-ын Төрийн департамент хөтөлбөрт сонгогдсон хүмүүс рүү и-мэйлээр холбоо барихгүй.
-
Хөтөлбөрт сонгогдсоноор та визийн ярилцлагад орох эсвэл виз авна гэсэн баталгаа биш гэдгийг санаарай. Тус хөтөлбөрөөс аль болох олон хүнд виз олгохын тулд нийт олгох боломжит визийн хяналтын тооноос илүү хүн сонгогддог. Иймд бүх сонгогдсон хүнд виз оногдохгүй байх боломжтой.
Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ