“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫН ҮР ДҮНД АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХҮЧИН ЧАДАЛ ДООД ТАЛ НЬ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. “Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрийн байр болон агуулахаа өргөтгөж, дотоодын лаборатори, цэвэрлэх байгууламжаа ашиглалтад оруулаад байна. Ингэснээр хүчин чадлаа 2.4 дахин, борлуулалтын орлогоо хоёр дахин нэмж, бүтээгдэхүүний нэр, төрлөө олшруулан, шинээр ажлын байр бий болгожээ. “Хүнсний хувьсгал”-ын дүнд жижиг аж ахуйн нэгжээс дунд аж ахуйн нэгжийн эгнээнд шилжсэн тухай компанийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал танилцууллаа.
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД:
- Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлсөн,
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн Орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлсөн,
- Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлсөн,
- Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, гурилыг НӨАТ-аас, дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн,
- Дотоодын түүхий эдээр боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн,
- Импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлсөн юм.
