Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь Эдийн засаг, хөгжлийн яам, Увс аймгийн Засаг даргын тамгын газар, МҮХАҮТ-тай хамтран баруун бүс нутгийн эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, орон нутаг хоорондын бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажлыг бэхжүүлэх, бүс нутгуудтай эдийн засгийн интеграцийг дэмжих цаашлаад хил дамнасан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Бизнес сэргэлт-Баруун бүсийн форум”-ыг 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом хотд зохион байгууллаа.
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд, Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа, ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын хүндэт төлөөлөгч Кислов Валерий Александрович тэргүүтэй албаны зочид, төлөөлөгчид арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлж, танилцуулга хийлээ. Түүнчлэн форумын үеэр Панел хэлэлцүүлэг өрнүүлж бүс нутгийн болон хил залгаа мужуудтай хийх худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, бизнес эрхлэх боломж, төр засгийн бодлого, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцсэн чухал үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн МҮХАҮТ-ын салбаруудын төлөөлөл болон бизнес эрхлэгчид, ОХУ-ын Буриад улс, Тува, Алтайн хязгаар мужуудын төрийн болон танхимын зочид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт 300 гаруй төлөөлөгчид оролцлоо.