ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ОХУ-ЫН НЭР ДЭЭР ШИНЭЧЛЭН БҮРТГЭХ НӨХЦӨЛИЙН ТУХАЙ АСУУДЛЫГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ

GNNGNN
Apr 29, 2026  
 0
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ОХУ-ЫН НЭР ДЭЭР ШИНЭЧЛЭН БҮРТГЭХ НӨХЦӨЛИЙН ТУХАЙ АСУУДЛЫГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.29/ хурлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут сайд танилцуулав. 

Улаанбаатар хотноо 2016 онд байгуулсан Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт зааснаар талууд хоёр улсын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг үе шаттайгаар, олон улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхээр тохиролцсон байна.

Мөн 2019 онд байгуулсан Найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээнд талууд өөрийн нутаг дэвсгэрт байрлах хөрөнгийн хувьд бие, биеийн хууль ёсны эрх ашиг болон ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрч хангана гэж заасан байдаг аж.

Үе шаттайгаар шийдвэрлэх зорилтын хүрээнд 1, 2 дугаар үе шатны талаар Д.Батлут сайд дурдаад, энэ хүрээнд талууд холбогдох үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийг тусгасан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хавсралтуудын хамт боловсруулан эцэслээд байгаа гэв.

Мөн 2025 оны арван хоёрдугаар сард Улаанбаатар хотод болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 27 дугаар хуралдааны протоколд талууд хамтарсан ажлын хэсгийн хүрээнд боловсруулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын хоёрдугаар ээлжийн үл хөдлөх эд хөрөнгийн объектуудын эрхийг шинэчлэн бүртгэх арга хэмжээг авахаар тохиролцсон гэв.

Засгийн газар хоорондын тус хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулиар соёрхон батлах олон улсын гэрээ тул хэлэлцээрт гарын үсэг зурахад шаардлагатай холбогдох дотоодын журмыг хангаж өгөхийг Монголын талын ажлын хэсгээс буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Гадаад харилцааны яаманд хүсэлт болгосны дагуу тус яамнаас Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаан болон Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлж байгаа аж.

Ийнхүү Д.Батлут сайд холбогдох танилцуулгыг хийсний дараа УИХ-ын гишүүн Ч.Анар хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх горимын санал гаргав.

Энэ дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 52.9 хувь нь дэмжиж хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.