ҮХСЭН МАЛЫН МАХЫГ ХҮНСЭНД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ. СУМ БҮХЭНД ТАГНУУЛ, ХЯНАЛТЫНХАН АЖИЛЛАЖ БАЙГАА
УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр 11:00 цагаас малчдын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө. Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаас "Үхсэн малын махыг хүнсэнд нэвтрүүлэх эрсдэлтэй эсэх" талаар сэтгүүлч асуув.
Уг асуултад "Зуд зовлонгийн хажуугаар янз бүрийн ашиг хонжоо хайх хүмүүс гарахыг үгүйсгэхгүй. Үхсэн мал болоод малын хаягдал хоол хүнсэнд орох ямар ч боломж байхгүй. Үүнд итгэлтэй байж болно. Хууль хяналтын болон мэргэжлийн байгууллага онцгой анхааран ажиллаж байна. Сум бүхэнд тагнуул хяналтын байгууллага гарсан. Хэрвээ ийм асуудал гарсан байвал нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болно. Хуулийн дагуу Эрүүгийн хариуцлага хүлээнэ" гэж хариуллаа.