ӨӨХ СОРУУЛЖ БАЙГААД ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ЭМЧ НАРЫН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
2019 оны гуравдугаар сард 30 орчим насны эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад, нас барсан юм.
Энэ хэргийг нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, "Тод каннам" эмнэлгийн захирлыг цагаатгаж, мэс заслын эмч Д.Т-д 1 жил 6 сар хорих ял, мэдээгүйжүүлэгч эмч Б.М-д 1 жил 6 сар хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг бага насны хүүхэдтэй гэх үндэслэлээр хойшлуулж, шүүгдэгч нарын эмчлэх эрхийг тус тус 2 жилээр хассан.
Үүнийг эмч Д.Т, эмнэлгийн захирал Д.Т нарын өмгөөлөгч Э.Ганбат, мэдээгүйжүүлэлтийн эмч Б.М-н өмгөөлөгч Б.Болортуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-н өмгөөлөгч Л.Баасанжав нар эсэргүүцэн, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх тус гомдлыг 2024 оны 3 дугаар сарын 28-нд хянан хэлэлцээд, анхан шатны шүүхээс эмнэлгийн захирал Д.Тодномбатыг цагаатгасан болон мэс заслын эмч Б.Мөнгөнчимэг, мэдээгүйжүүлэлтийн эмч Б.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Харин хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг төлөөлөгчид нь нээлттэй үлдээж, С.Г-н сэтгэл санаанд учирсан хохирлыг олгож, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээсэн байна.