ӨНЖМӨЛ ШАР ӨВС ШАТСАН ДУУДЛАГЫН 79.3 ХУВЬ НЬ УЛААНБААТАР ХОТОД БҮРТГЭГДЖЭЭ

ӨНЖМӨЛ ШАР ӨВС ШАТСАН ДУУДЛАГЫН 79.3 ХУВЬ НЬ УЛААНБААТАР ХОТОД БҮРТГЭГДЖЭЭ

GNNGNN
May 14, 2025  
 0
ӨНЖМӨЛ ШАР ӨВС ШАТСАН ДУУДЛАГЫН 79.3 ХУВЬ НЬ УЛААНБААТАР ХОТОД БҮРТГЭГДЖЭЭ

Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК, ОБЕГ-аас мэдээлэл өглөө. Энэ үеэр ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийн зүүн, зүүн урд, урд тал, баруун урд талыг цурамд оруулж, баруун хойд талын түймрийг хяналтад оруулахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртжээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.14/ байдлаар объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдснээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж байна. Объектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 26.8 хувиар өссөн бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүртгэгдлээ.

12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар 748.082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.