ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТЫН ТОГЛОЛТ НИЙТ ЕСӨН ҮЗЭГДЭЛТЭЙ БАЙНА

GNNGNN
Apr 28, 2025  
 0
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТЫН ТОГЛОЛТ НИЙТ ЕСӨН ҮЗЭГДЭЛТЭЙ БАЙНА

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 17-д болсон. Уг хуралдаанаар Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертын найруулагч сонгон шалгаруулах асуудлыг танилцуулах, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл ажил, явцын мэдээлэл, Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах төсвийн зардал, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг тус, тус хэлэлцсэн. 

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй байхаар болсон байна. Бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар өгсөн. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй байх бөгөөд Монгол Улсын газар нутаг, ард түмэн, төр гэсэн өргөн утга агуулгатай байхаар төлөвлөжээ.

Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Монгол орныг нийт долоон бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү бодлоготой уялдуулан Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд бүсүүдийн онцлог давуу тал, өв соёлыг тусгаж өгөхийг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан наадмын зохион байгуулах бүрэлдэхүүнд даалгажээ. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний эхний пробыг зургаадугаар сарын 15-нд үзэхээр тогтсон байна.