УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ: МЭДЭЭЛЭЛ ЗАДАРСАН УУ, ТҮР ХОРООНЫ ГИШҮҮД ИРСЭНГҮЙ

GNNGNN
May 7, 2024  
 0
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ: МЭДЭЭЛЭЛ ЗАДАРСАН УУ, ТҮР ХОРООНЫ ГИШҮҮД ИРСЭНГҮЙ

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийгдсэн автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг судлах Түр хороо өнөөдөр /2024.05.07/ хуралдах байсан ч гишүүдийнх нь ирц бүрдэхгүйгээс дахин хойшиллоо.

Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Уржигдар Түр хорооны гишүүдтэй утсаар ярихад “ирнэ л” гэсэн.  Гэтэл өнөөдөр ирсэнгүй.  Би хардаад л байна, цаанаас нь нөлөөлөөд байдаг юм болов уу. Түр хороо өнөөдөр  хуралдсан бол тавдугаар сарын 14, 15-нд сонсгол хийе гэж төлөвлөж байсан. Шинжээч нар бүх асуудлаа боочихсон, танилцуулах гээд байдаг. Гэтэл гишүүд алга болчихоод ирдэггүй. Материал харахад асуудал их байна, энэ мэдээлэл задарсан уу.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал хоёр ирээгүй. Хэл үг хийгээд л улстөржих маягтайгаар анх Түр хороонд орж ирж байсан. Сүхбаатар аймагт хоёулаа ажиллаж байна. Ц.Даваасүрэн гишүүн мөн хөдөө ажиллаж байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын даргын хамт долоо наймуулаа багаараа хөдөө явж байна.

Түр хорооны өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа,Т.Доржханд, Б.Ганхуяг нарын таван гишүүн л ирсэн” гэлээ.

Автобусны худалдан авалтыг шинжлэн судлах Түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалдаг бол П.Анужин, Д.Батлут, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар багтсан юм.

Тус Түр хороо өнгөрсөн долоо хоногт хуралдах байсан ч мөн л гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хуралдаж чадаагүй юм.