З.ТӨРМАНДАХЫГ “ГЭМТ ХЭРГИЙН УЛ МӨРӨӨ УСТГАЖ МАГАДГҮЙ" ГЭЖ ҮЗЭЖ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИЛОО

MCS группийн "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг уржигдар /2025.02.18/ Тагнуулийн ерөнхий газраас саатуулсан билээ.
Тэгвэл Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч З.Төрмандахыг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.
Улмаар яллагдагч нь “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн байна.
Энэ дагуу 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч З.Т-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн, түүнд 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.