Ж.ЧИНБҮРЭН: 2024 ОНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 69 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

УИХ-д хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах бүлэг байгуулагдаж буй талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл хийлээ.
Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах, дэмжлэг үзүүлэх бүлэг УИХ-д байгуулагдаж байгаа тухай мэдээлье. Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулаас хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн тогтолцоог бий болгох хууль санаачлан, батлуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах дэмжих бүлэг УИХ-д байгуулагдаж байна. энэхүү дэмжих бүлэгт одоогийн байдлаар 38 гишүүн гарын үсэг зурж дэмжихээ илэрхийлсэн.
Улсын хэмжээнд сүүлийн таван жил буюу 2018-2023 оны байдлаар 108908 зам тээврийн осол бүртгэгдсэн. 6468 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1298 хүн нас барсан байна. 260 хүүхэд эндсэн. 2024 оны 30977 зам тээврийн осол бүртгэгдэж, 2520 хүн хүнд хөнгөн гэмтэж, 631 хүн нас барсан. Үүний 69 нь хүүхэд гэсэн тоон мэдээлэл байна. Хоёр хоногийн өмнө Баянзүрхийн товчоо орчимд Хонхорын ойролцоо Налайхын замд 12 настай хүүхдийг мөргөсөн. Одоо ГССҮТ-д нэлээд хүнд гэмтэлтэй эмчлүүлж байна.