ZAISAN HILL-Д БОЛОХ “ГИТАР УЙЛУУЛАГЧ”-ИЙН НЭГЭН ҮДЭШ

GNNGNN
Nov 7, 2026  
Nov 7, 2026 - 12:28
 0
ZAISAN HILL-Д БОЛОХ “ГИТАР УЙЛУУЛАГЧ”-ИЙН НЭГЭН ҮДЭШ

“Нарны жим” олон ангит киноны Оросоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлж, сэтгэлд хоногшсон дуунуудаараа сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин, жүжигчин О.Гантулга бие даасан хоёр дахь тоглолтоо хийх гэж байна.

Урлагийн салбарт “Гитар уйлуулагч” хэмээн овоглогдох болсон тэрбээр анх ШУТИС-ийг Экологийн инженер мэргэжлээр төгссөн ч дуу хөгжимд тэмүүлэх чин хүсэл, хөдөлмөр зүтгэлээрээ дуучин, жүжигчний замаар амжилттай замнаж буй уран бүтээлч юм. Тэрбээр өгөөжтэй, уянгалаг аялгуу, гитарын эгшгээрээ залуусын сэтгэлгээг хөглөхийн сацуу нийгмийн сайн үйлсэд үргэлж манлайлан оролцдог билээ.

Өдгөө 30 орчим дуу, 5 орчим дэлгэцийн бүтээлд ажиллаж, “20/20” контент болон “Би монгол хүн”, “Эвийн түшигтэй анд” “Он жав” зэрэг сая сая хандалт авсан уран бүтээлүүдээрээ олон нийтэд эерэг уриалга түгээгээд байна.

Энэ удаагийн “GANTULGA — Live Music Concert” бие даасан тоглолтоор тэрбээр сэтгэлд хоногшсон хит дуунуудаа амьд хөгжмийн сүрлэг хэмнэлд амилуулан, сонсогчиддоо мянган мэдрэмж, дурсамж дүүрэн нэгэн үдшийг бэлэглэхээр бэлтгэлээ хангажээ.