В.ПУТИН САРЫН 15-16-НД БНХАУ-Д АЙЛЧИЛНА

GNNGNN
May 7, 2024  
 0
В.ПУТИН САРЫН 15-16-НД БНХАУ-Д АЙЛЧИЛНА

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 7-нд тангараг өргөөд, тавдугаар сарын 15-16-нд БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгаа тухай "Блумберг" Кремлийн эх сурвалжийг иш татан мэдээлсэн байна.

 Бээжинд төлөвлөсөн ёсоор айлчилбал энэ нь Кремлийн тэргүүн Владимир Путиний хувьд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тав дахь бүрэн эрхээ эхлүүлсний дараах анхны гадаад айлчлал болох юм. Энэ айлчлалын зорилго Хятадтай худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байна гэж Өрнөдийнхөн таамаглаж байна. 2023 оны байдлаар Орос, Хятадын худалдааны эргэлт 240 тэрбум ам.долларт хүрч өссөн байна.

Владимир Путин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг Хятадад буусны дараахан Бээжинд тавдугаар сард айлчлахаар төлөвлөж байгаагаа зарласан.Тэрбээр айлчлал яг хэзээ болох талаар мэдээлэл өгөөгүй. Харин "Блумберг" айлчлал тангараг өргөх ёслолын дараахан болно. Айлчлалын тов тавдугаар сарын 15-16-ны өдрүүд байх төлөвтэй байна. Энэ товыг бараг өөрчлөхгүй болов уу гэж Кремлийн албан эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

 Владимир Путин өнгөрсөн оны 10-р сард хамгийн сүүлд Бээжинд айлчилж байсан. Энтони Блинкен Украинтай хийж буй дайнд Москвад хэрэгтэй машин техник хэрэгсэл болон бусад бараа бүтээгдэхүүний экспортыг зогсоохыг Хятадын талд шахах зорилготой айлчилсан гэж ажиглагчид үзэж байгаа. Украинд хийж байгаа дайны улмаас Орос улс эдийн засаг, дипломат байдлаар олон улсаас тусгаарлагдаж байгаа. Энэ тусгаарлалт Оросыг эдийн засгийн хувьд Хятадаас улам бүр хамааралтай болгож байна. Мөн АНУ-ын албаны хүмүүс Хятад Оросын цэргийн аж үйлдвэрийн баазыг бэхжүүлж, нисгэгчгүй онгоц, пуужингийн технологи, хиймэл дагуулын зураг авах төхөөрөмж, хүнд даацын машин, машин механизм зэрэг бараа бүтээгдэхүүнийг Москва руу ихээр тээвэрлэж байна гэж үзэж байгаа.

Харин Хятад улс Москватай эдийн засгийн харилцаагаа тогтвортой хадгалж байгаа ч ОХУ-д зэвсэг, цэргийн тусламж үзүүлээгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Бээжин Оросд шууд цэргийн тусламж үзүүлэхгүйгээр дипломат байдлаар Оросын газрын тосыг худалдан авч, цэргийн бус болон давхар хэрэглээний бараа нийлүүлэх замаар Оросд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Украины дайнд төвийг сахисан байр суурь баримтлахыг эрмэлзэж байна.

Бээжин Өрнөдийн орнуудын Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээг өрөөсгөл гэж үзэж, НАТО болон АНУ-ыг Владимир Путины түрэмгийллийг өдөөн хатгасан гэж буруутгаж байгаа. Хятад улс 2022 онд Украинд дайн эхлэхийн өмнөхөн Оростой харилцаагаа "хязгааргүй түншлэлд" хүргэсэн юм.