УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ЦАЛИН ХАМГИЙН ИХ БУЮУ 5.1 САЯ, ТӨРИЙН ӨМЧИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАГСДЫН ДУНДАЖ ЦАЛИН 3.3 САЯ ТӨГРӨГ БАЙНА.
Манай улсад 771 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. 2023 оны эцсээр тэдний медиан буюу голч цалин 1.8 саяд, дундаж цалин 2.2 сая төгрөгт хүрчээ.
771 мянган хүнийг цалингийн дүнгээр нь жагсаахад яг голд нь байгаа дүнг голч цалин гэдэг. Голч цалин өмнөх улирлаас 225 мянган төгрөгөөр өсжээ.
Уул уурхайн салбарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 5.1 сая, төрийн өмчийн үйлдвэрт ажиллагсдын дундаж цалин 3.3 сая төгрөг байна. Харин зочид буудал, байр сууц, нийтийн хоолны газрын ажилчдын цалин хамгийн бага буюу дунджаар 1.4 сая төгрөг, хоршооны ажилчдынх нэг сая төгрөг байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөгөөр тогтоосон. Манай улсад 70 мянга орчим хүн ийм хэмжээний цалин авч байна гэж ҮСХ-ноос өнөөдөр мэдээлэв. Тус хороо цалингийн дундаж үзүүлэлтийг улирал тутам танилцуулдаг юм.