УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ НЭЭЖ, БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЛЭЭ

GNNGNN
Aug 5, 2026  
 0
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ НЭЭЖ, БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2026.08.05/ эхэллээ. Тивийн шилдэг багуудыг нэгтгэсэн энэхүү тэмцээн нь Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.

Тэмцээний нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, баг тамирчид, дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ спортын жинхэнэ үнэ цэн нь шударга өрсөлдөөн, харилцан хүндлэл, эв нэгдэлд оршдогийг онцлоод, Зүүн Азийн шилдэг багууд нэг дор цуглан өрсөлдөж буй нь тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорихоос гадна улс орнуудын найрамдалт харилцаа, спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдад хандан эх орныхоо нэр төр, ард түмнийхээ итгэл найдварыг тээн талбайд гарч буйгаа ухамсарлан, өрсөлдөгчөөсөө эмээх бус өөрсдийн хамгийн сайн тоглолтыг үзүүлж, боломж бүрийг амжилт болгон хувиргахыг уриалав.

Монголын волейболын спортын түүхт 100 жилийн ойтой давхцан зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь үндэсний шигшээ багийн хувьд тивийн шилдэг багуудтай эх орондоо өрсөлдөн ур чадвар, чансаагаа ахиулахын зэрэгцээ Монголын волейболын спортын шинэ амжилт, шинэ түүхийг бүтээх томоохон боломж болж байгааг нээлтийн үеэр онцолсон юм