Ц.ЭНХЗАЯА: Н.БАТСУУРЬ НЬ ОХИНОО ЯАЖ ӨСӨЖ ТОРНИЖ БАЙГААГ АСУУЛГҮЙ 15 ЖИЛ БОЛЛОО

GNNGNN
Nov 25, 2024  
 0
Ц.ЭНХЗАЯА: Н.БАТСУУРЬ НЬ ОХИНОО ЯАЖ ӨСӨЖ ТОРНИЖ БАЙГААГ АСУУЛГҮЙ 15 ЖИЛ БОЛЛОО

АНУ-д амьдардаг Ц.Энхзаяа хэмээх эмэгтэй дархан аварга Н.Батсуурьт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-т гомдол гаргасан талаарх мэдээллийг цахим сүлжээнд түгээсэн. Энэ талаар иргэн Ц.Энхзаяатай холбогдоход "үнэн" гэв. 

Тэрбээр Н.Батсуурь аваргын анхны эхнэр, 2010 онд салсан бөгөөд охин нь өдгөө 15 нас хүрсэн ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа анхаарал халамж тавьж, эцгийн үүргээ биелүүлээгүй тул хариуцлага тооцож, Сүлд биеийн тамир, спорт хорооны даргын ажлаас чөлөөлж, ШШГЕГ-ын нэрийн өмнөөс барилдах эрхийг цуцалж өгөхийг хүссэн байна.  

Тэрбээр гомдолдоо дараах агуулгыг бичжээ 

Тэрбээр "Нэгдүгээрт, анхны нөхөр, ШШГЕГ-ийн харьяа бөх, “Сүлд” биеийн тамир, спорт хорооны дарга, Даян аварга, Намсрайжавын Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй байгаад, хоёрдугаарт, ШШГЕГ нь өнгөрсөн хугацаанд ажил үүргээ хангалттай гүйцэтгэхгүй байгаад гомдолтой байгаа тул энэхүү өргөдөл, гомдлыг гаргаж байна" гэжээ.

Мөн "Н.Батсуурь нь нэг ч удаа охин руугаа холбоо барьсангүй, нэг ч утсаар залгасангүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж торниж байгааг асуулгүй 15 жил боллоо. 2018 онд би өөрөө утсаар залгаж байж охиныгоо Н.Батсуурьтай 1 удаа уулзуулсан. Мэдээж миний охин төрсөн эцгийгээ гэж мэдээгүй, хамаатны хүн гэж ойлгосон...Н.Батсуурь хүүхдийн тэтгэлэг өгөхгүй өчнөөн олон жил болж байж 2018 оны наадмаар аварга болсныхоо дараа 20сая төгрөг өгсөн. 20 сая төгрөгийг 18 жилд хуваахаар жилийн 1 сая 100.000 төгрөг, үүнийгээ 12 сард хуваахаар сарын 92.000 төгрөг болдог. Иймхэн хэмжээний мөнгө өгчхөөд хүүхэдтэйгээ ямарч холбоо харилцаа байхгүй, өнөөдрийг болтол танихгүй хүн шиг амьдарч байна. Миний охин Монгол Улсын Үндсэн Хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэл хамгааллын тухай хууль, НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцод тусгагдсан хайрлуулах, тэжээн тэтгүүлэх, орон байраар хангуулах гэх мэт ямар ч хүүхдийн эрхээ эдэлж чадахгүй байсаар удахгүй насанд хүрч оюутан боллоо" гэсэн байна. 

Түүнчлэн Ц.Энхзаяа "Төрсөн охиноо үл хайхран, асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй, орон байр, хувцас, хоол хүнс, бусад ахуйн хэрэглээний зүйлсээр хангахгүй санаатайгаар гачигдуулж сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл үйлдэж байна. Н.Батсуурь нь сүүлийн 10 гаран жил ШШГЕГ-ын нэрийн өмнөөс барилдаж байгаа. Н.Батсуурь бид хоёрын гэр бүл цуцлуулсан болон хүүхэд сар бүр хүүхдийн тэтгэмж авч, тэжээн тэтгүүлнэ гэсэн шийдвэр бүхий шар хавтастай материал ШШГГ-ын шүүгээнд өчнөөн олон жил болсон. ШШГЕГ нь зөвхөн иргэд, хуулийн этгээдийн хоорондын төлбөр мөнгөний асуудлыг шийдвэрлэдэггүй бөгөөд тэжээн тэтгүүлэх, хариуцагчид даалгасан үүргийг гүйцэтгүүлэх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд танай байгууллага энэ тал дээр юу ч хийсэнгүй" гэжээ.